О.Баасанхүү: МАН, МАХН-ыг нэрээр нь л ялгана
2012.10.02

О.Баасанхүү: МАН, МАХН-ыг нэрээр нь л ялгана

            УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн зарим асуудлын талаар ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар нэлээд ажил амжуулаад ирсэн гэж сонслоо. Явсан газрынхаа сонин хачнаас яриагаа эхлэх үү?

-Миний бие өнгөрсөн хэд хоногийн хугацаанд Төвийн бүсийн зарим аймгаар яваад ирлээ. Дархан, Эрдэнэт, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай гээд олон газарт очсон. Явсан ажлын зорилго нь нэгдүгээрт, саяхан болж өнгөрсөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг орон нутгийн дэмжигчид хэрхэн хүлээж авч байгаа талаар судлах. Хоёрдугаарт, Орон нутгийн сонгуулийн хууль батлагдсантай холбоотой хөрсөн дээр буухад ямар хүндрэл бэрхшээл, асуудлууд байгааг мэдэх. Гуравдугаарт, Орон нутгийн нөхцөл байдалтай танилцах. Эцэст нь барилгын асуудлаар судалгаа хийх зорилгоор дээрх аймгуудад ажиллаад ирлээ.

-Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг үндэслэн МАХН Засгаас гарахаар болсон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Засгаас гарах эсэх асуудлыг нам, эвслийн бүлгүүд шийдвэрлэх байх.  Ард түмний хувьд ийм балай юм байж болохгүй гэж байна. Манайх 40-50 мянган гишүүнтэй нам. Иймээс гишүүдийнхээ өмнө хариуцлага үүрэх учиртай. Мөн ард түмний өмнө хариуцлага үүрэх ёстой. Энэ утгаараа аливаа шийдвэр хариуцлагатай байж, асуудлыг авч хэлэлцэхийг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр МАХН Засгаас гарахыг үгүйсгэхгүй гэсэн үг үү?

-МАХН Засгаа гарна гэж хэлээгүй. Бид хариуцлагатай байх ёстой. Иймд энэ асуудлыг хэлэлцээд хариуцлагатай байхын тулд ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй.

-Хуульчийн хувьд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ. Таны хувийн байр суурийг сонирхмоор байна?

-Шүүхийн шийдвэрийн тухайд та бүхэн Сарантуяа шүүгчийн хэлсэн үгийг үг, үсгээр нь сайтар хараарай. Тэр хүн юу гэж хэлсэн гэвэл яллах талын болон цагаатгах талын баримт байна. Цагаатгах талын нотлох баримт яллах талын баримтыг үгүйсгэж чадсангүй гэж. Мөрдөн байцаагч ингэж хэлдэг болохоос шүүгч ийм үг хэлдэггүй юм. Хуульд зааснаар цагаатгах талын нотлох баримт байгаа бол эргэлзээ байна гэсэн үг. Эргэлзээ байгаа л бол шүүгдэж байгаа хүнд ашигтайгаар шийдвэр гарах ёстой. Хооронд нь мөргөлдүүлээд аль давснаар нь шийдвэрээ гаргадаг шүүгчийг амьдралдаа анх удаа л харлаа. Үнэхээр нотолгоо байгаа бол шууд хэлэх ёстой. Түүнээс биш Сарантуяа шүүгчийн мөрдөн байцаагч шиг хэлсэн үгэнд гайхширч байгаа. Ард түмэн ч гайхаж байна. Ер нь онол дээр суурилаагүй хийсэн аливаа үйлдэл хууль бус байдаг. Хууль дээр суурилж хийгдээгүй аливаа шийдвэр хэлмэгдүүлэлт болдог. Тиймээс бид хууль бус болсон л гэж үзэж байгаа.

-Тэгэхээр улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд ярилцлагадаа хэлж байсан юм билээ. Засгийн газар шүүхэд нөлөөлдөггүй гэж. Би үүнтэй санал нэг байгаа. Засгийн газар шүүхэд нөлөөлөхгүй. Гэхдээ шүүгч гэж хувь хүн бий. Хувь хүнд ямар ч зөрчил байхыг үгүйсгэхгүй. Харин нөлөөлсөн үү, үгүй юу гэдгийг тогтоодог байгууллага биш учраас үүнд шууд дүгнэлт хийж чадахгүй. Ард түмэн телевизороор болж байгаа процессуудыг харлаа. Хүний эрхийг нэгдүгээрт тавиагүй учраас ард түмэн хэлмэгдүүлэлт гэж хэлэх бүрэн эрхтэй. Тэр утгаар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна.

-Намын даргын асуудал бараг тодорхой болчихлоо. Тэгэхээр Ц.Оюунбаатар тангараг өргөх цаг нь болсон мэт?

-Намын даргын шийдвэр, Ц.Оюунбаатарын тангараг өргөх хоёр өөр асуудал. Шүүхийн шийдвэрээс хамаарч, тангараг өргөх эсэх асуудал байхгүй. Ирэх долоо хоногт би Төрийн байгуулалтын байнгын хороон дээр мэдээлэл сонсох хүсэлтээ хүргүүлэхээр бэлдэж байна.

-Ямар асуудлаар мэдээлэл сонсох юм бэ?

-Орон нутгийн сонгуулийн бэлтгэлтэй холбоотой СЕХ-ны мэдээлэл. Мөн тангараг өргөөгүй үлдсэн гишүүдийн асуудлаар мэдээлэл сонсох хүсэлт гаргана. Тэр үед илүү тодорхой мэдээллийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Намын даргынхаа асуудлаар гишүүд нь байр сууриа илэрхийлэхээ больж. Шүүх хурлын гадна та, З.Баянсэлэнгэ нар л үзэгдээд өнгөрдөг бол бусад гишүүд удирдах албан тушаалд тухлаад “сураг” алдарч. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?

-Энэ талаар тэр хүмүүсээс нь л асуусан дээр байх. Миний хувьд хүний эрх талаас нь аливаа асуудалд анхаарч байгаа. Хувь хүн талаас нь надад ямар нэг, анхаарал хүндлэл байх зүйл биш. Яагаад гэвэл би ард түмнийг төлөөлж байгаа гэдэг утгаараа. Хүний эрх, тэр дундаа хууль, шударга ёс гэж яривал зайлшгүй хөндөж ярих ёстой сэдэв. Эргээд түүхэнд үлдэх процесс. Тийм учраас хуульчийнхаа хувьд үгээ хэлж байгаа нь буруу зүйл биш гэж бодож байна.

-М.Энхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлмэгдүүлэлт биш гэж байр сууриа илэрхийлсэн байна лээ…

-Би М.Энхсайхан даргын өмнөөс хариулахгүй.

-Би өөр зүйл таниас асуухыг хүссэн юм. Гол нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын дунд зөрчил байж, цаашлаад МҮАН, МАХН-ын дунд ч цууралт үүссэн нь үнэн. Харин та бол гал тогоонд нь байгаа хүний хувьд асуудалд байр сууриа л илэрхийлэх болов уу гэж. Түүнээс биш хэн нэгний өмнөөс хариулт хийхийг хүссэнгүй?
-Миний хувьд М.Энхсайханыг аав шиг минь хүн гэж боддог. 

ийм учраас аав зөрчилдөөн байгаа бол зохицуулах үүрэгтэй болохоос дэвэргэх хүн биш. Хүүхдүүд дураараа дургиж болно. Дураараа дургисан хүүхдүүдийг хүмүүжүүлж болдог. Иймээс аливаа эцэг шиг байгаа улстөрчийн амнаас ийм үг унаж байгаа бол утгагүй, ичмээр зүйл. Яагаад гэвэл улс эх орон гэж байгаа бол ард түмэн. Ард түмэн гэж байгаа бол тэрийг төлөөлж байгаа багийг бодох хэрэгтэй. Багийг гэж байгаа бол дотор нь ажиллаж байгаа хүмүүсийг ч бодох учиртай. Түүнээс биш иймэрхүү зүйлийг сэтгүүлчид л ярьж болно.

-Гэвч сэтгүүлчид биш хувь хүн өөрөө үйл явдлын талаар үнэнийг хэлж эхэлж байгаа юм биш үү. Нөгөөтэйгүүр, эвсэл ан цав үүсгэсэн нь МАХН. Өөрөөр хэлбэл, асуудал гол нь МАХН-д байгаа юм биш үү?

-Би МАХН-д байгаа гэж хэлэхгүй. МАХН бол 90 жилийн түүхтэй нам. Нэрнээс болж л хоёр эсрэг явсан. МАН, МАХН-ыг нэрээр нь л ялгахаас биш бүтэц болон бусад бүх зүйлээр нь ялгах боломжгүй. Тийм учраас гишүүдийн хувьд нэгнийгээ үгүйсгэсэн харьцаа байдаггүй. Гол нь битгий эвсээсэй гэж хувийн тоглолт хийдэг хэдхэн олигархижсан лидерүүд байгаа. Тэд асуудлаа шийдчихвэл энэ хоёр намын гишүүд хоорондоо учраа олоход асуудалгүй юм билээ.

-Тэгэхээр олигархижсан лидерүүд л учраа олвол асуудалгүй болно гэж байна. Гэвч салаа замаар явсан МАН, МАХН хоёр нэг цул болж чадна гэж үү. Таны хэлдгээр цаг хугацаа хэтэрхий их шаардагдах юм биш үү?

-Одоо ч энэ байр суурь хэвээрээ байгаа. Аливаа улс төр түүх, үзэл баримтлалтай байх ёстой. Оргүй хоосноос аливаа юмыг бүтээсэн бол тэр өөр хэрэг. Байгаа зүйлээс салсан бол холбогдоход буруу юм байхгүй. Аливаа ялалт эв нэгдэлтэй байж л хийгддэг зүйл.

-Энэ ганц таны үг биш. МАХН-ын баримтлаж байгаа байр суурь болоод л МАН-ын гишүүдийг “урвуулж” байж мэдэх юм. Жишээ нь өнөөдөр (өчигдөр) МАН-ын 500 гаруй гишүүн хуучин батлахаа өвөртөлж байгаа гэх мэдээлэл цацагдлаа?

-Энэ бол хэвийн үзэгдэл. Манайхаас тийшээ орох, тэндээс наашаа орох. Учир нь удирдлагын хувьд л хэдэн олигархижсан айхтар хүн бий. Тэд гишүүдийг өмчилж авчихаад байгаа юм. Түүнээс биш гишүүд нэг л намын дор, ганц үзэл баримтлалаар явж байсан. Одоо ч үүгээрээ явж байгаа. Тийм учраас намын гишүүнчлэлээ сэргээх нь чухал. Түүхээ ярьвал МАН байсан МАХН болсон цааш үргэлжлэх учиртай. Тэгэхээр МАХН-ын нэрийн дор нэгдэж байгаа нь хамгийн зөв жишиг. Түүх бол буцдаггүй. Гагцхүү урагшилдаг. Урагшлах процесс нь зөв байх учиртай.

-Тэгвэл МАХН-аас МАН руу шилжигсэд ухрагчид уу?

-Нээх олон гишүүн гараагүй юм билээ. Би энэ талаар асууж, лавласан. Гол нь түүх буцдаггүй. Харин буцдаг гэж ойлгодог хүмүүс гарахад гайхахгүй. Түүхээ буцаавал хөгжил дэвшилгүй л явна. Тэнд бол ямар ч хөгжил дэвшил гарахгүй. МАХН-аас л хөгжил дэвшил гарна.

-Яалт ч үгүй МАН түүхээ ухрааж, хөгжлөөс ч ухарсан алхам гэж та хэлж байна. Тэгэхээр МАХН урагшилж, МАН ухарч байгаа гэсэн үг үү?

-Өөрсдөө хэлсэн шүү дээ. Ууган намаа байгуулж, ард намын журамт цэргүүд болсон гэсэн биз дээ. Бид юу гэж үзэж байгаа вэ гэхээр МАХН хөгжлийнхөө дараагийн шатанд явах ёстой. Хөгжих, урагшлах учиртай. Тэр утгаараа МАН-аас МАХН руу орж байгаа хүмүүс бол жам ёсны л асуудал.

-Олигархижсан хэдхэн лидер гишүүдээ өөрийн өмч гэж боддогоос асуудал үүссэн талаар та хэлж байна. МАХН-д ч гэсэн МҮАН-ыг атгах гэсэн явуургүй санаа нуугдаж байгаа юм биш үү?

-Зарим нэг намын дарга нарт л ийм зүйл байдаг гэж хэлсэн. Эвслийг хэн ч атгаагүй. Эвсэл бол хэлэлцэж, ярьж явдаг жамтай. Нэг л зүйлийг хэлье. Цөөхөн хүнтэй нам атганд ороход амархан. Хэний мөнгөөр, хэний эрх мэдлээр, бодлоор явах вэ гээд. Харин манайх бол 30-40 мянган гишүүнтэй. Бүх аймагт мянгат, зуутууд байна. Тэр утгаараа атгана гэдэг ойлголт хэтэрхий харьцангуй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.