Нүүрсний үнэ бууруулах төрийн ажил хэрэгжихгүй байна
Гэр хорооллын айл өрх өндөр үнэтэй нүүрс хэрэглэж байгаа нь нийслэлийн иргэдэд тулгамдаж буй гол асуудал. Нүүрсний үнийг тогтворжуулах, гэр хорооллын иргэдэд хямдралтай нүүрс хүргэх зорилготойгоор Засгийн газраас Багануурын уурхайгаас хямдралтай нүүрс авах, хүргэх кампанит ажлыг өрнүүлээд буй.
Энэ ажлыг “Багануурын уурхайд нэг тонн нь 27500, вокзал дээр 37000 төгрөг байгаа нүүрс иргэдэд очихдоо яагаад 80000 төгрөг болдог байна, төр нь ядарсан иргэддээ ингэж өндөр vнээр нүүрс зарж бизнес хийж болохгүй” хэмээн шүүмжлэх нэгэн ч байгаа.
Мөн зах зээлийн хуулиар эрэлт, нийлүүлэлт, хэрэглээ байгаа учраас нүүрс хямдрахаар худалдан авалт эрс нэмэгдэх нь тодорхой. Тиймээс төр Засгийн зүгээс утаа үйлдвэрлэлтийг хэд дахин нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлээд байна гэж үзэх хүмүүс олширч байна. Энэ ч бас л бодууштай асуудал мөн билээ.
Харин нүүрсийг хямдралтай үнээр борлуулах ажлыг хариуцсан албаны хүний хэлж байгаагаар “Иргэдэд хямд үнээр нүүрс худалдан авах боломжийг олгож буй энэ төслийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын ажлын алба, Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Улаанбаатар төмөр зам, Багануурын нүүрсний уурхай болон хувийн хэвшлийнхэн оролцож байна.
Төслийн хүрээнд 1000 гаруй иргэн ажилтай болж байгаа. 500 гаруй шуудайлагч, 320 жолооч, 176 борлуулагч нүүрс худалдаалах ажлыг хийж гүйцэтгэж байгаа учраас иргэдэд нэг шуудай нүүрс 3200 төгрөгөөр очиж байна” хэмээн тайлбарладаг. Хямд үнээр нүүрс олгоно гэхээр утааг бууруулах ажилтай авцалдахгүй байна гэх шүүмжлэлийн хариуд үүнээс өөр гарц одоогоор байхгүй байгааг Ерөнхий сайд хэлсэн.
Энэ ажлыг эхнээс нь дэмжиж байгаа иргэд ч олон бий. Гэхдээ үүнтэй холбоотойгоор шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байсаар л байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэг, хоёрдугаар хороонд нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр нь борлуулж байхад, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нүүрс борлуулах цэг дээр Засгийн газраас зарласан үнээс даруй 800 төгрөгөөр илүү борлуулж байгааг тухайн хорооны иргэд хэлж байна.
Мөн 40 кг нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулна гэж зарласан.
Гэтэл хороодоор дамжуулан борлуулж буй шуудайтай нүүрс нь өнөөдрийн хэрэглэж байгаа жижиг гурван уутанд багтаж байгаа нь мөн эргэлзээ төрүүлж байна.
Энэ нь Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа нүүрс 20 кг орчим буй хэрэг. 20 кг нүүрсээр өвлийн хүйтэнд гурав хононо гэдэг худлаа. Тиймээс ченжүүдийн жижиг ууттай нүүрсийг авч хэрэглэхээс өөр аргагүй болох нь.
Шуудайны стандартыг мөрдүүлье
Мөн нүүрсний үнийг бууруулах зорилгоор Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар “Ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудай. Үндсэн хэмжээ MNS 6333:2012” стандартыг 25 дугаар тогтоолоор баталсан. Уг стандартаар нүүрсний шуудай 15, 25, 40 кг-ын хэмжээтэй байх бөгөөд нүүрсний ширхэглэлийн хэмжээг таван см-ээс багагүй байхаар баталсан. Ингэснээр нүүрсний үнийн хөөрөгдлийг багасгаж, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзсэн юм.
Нүүрсний шуудайны стандартыг тогтоогоод долоо хонож байна. Гэтэл нөгөө л 5-6 кг-ын жижиг ууттай 2000 төгрөгийн нүүрс, мод хаа сайгүй зарагдсаар байхад, 15, 25, 40 кг-ын шуудайтай нүүрс нь харагдахгүй байна.
Уг нь 15 кг-ын шуудайтай нүүрсийг 2000 төгрөгөөр авдаг бол төрийн ажил иргэддээ хүрч, иргэд ч гэсэн хямд нүүрс хэрэглэх боломжтой. Гэхдээ шуудайны стандартыг тогтоосон хэдий ч 15, 25, 40 кг-ын хэмжээтэй шуудайгаар худалдаалах нүүрсний үнийн иргэдэд очих боломжтой бодит өртгийг нь тогтоож өгөөгүй дутагдал байгааг иргэд шүүмжилж байна.
Таван кг-ын ууттай нүүрсээ 1500 төгрөгөөр зардаг байсан нүүрсний худалдагч 15 кг-ын шуудайд хийчихвэл үнээ гурав дахин нэмэх нь тодорхой. Засаг төрийн ажил хэрэгжих шатандаа иймэрхүү асуудалтай болохоор нүүрсний үнэ буурах нь юу л бол.
Хариуцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа юм уу, ард иргэдэд төрийн шийдвэр үйлчлэхээ больчихсон юм уу, бүү мэд. Монгол Улсын засаг төрийн ажил хэзээ хөрсөнд буудаг болох юм.