2011.08.31
Г.Баярсайхан: АН нэг намын “ Жийрэг” болж явах ёсгүй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Сонгуулийн холимог тогтолцоонд пропорциональ давамгайлах хэрэгтэй гэсэн байр суурийг АН-ын бүлэг илэрхийлсэн. Та ямар байр суурьтай байна вэ?
-Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч сөрөг талыг нь орхиод байна. 50:26 бол аргаа барсан л арга. Пропорциональ тогтолцооны босгыг одоо ярьж байгаа шиг долоон хувиар тогтоох юм бол олон нам гарч ирэх боломжийг хаана. Улмаар хоёр том нам болох МАН, АН л үлдэх байх. Уг нь УИХ өрсөлдөөнтэй, олон үзэл бодол уралдуулж асуудлыг шийддэг байх ёстой. Гэвч өнөөдрийн Монголын улс төрийн хандлага өөрчлөгдөөд байна. Өмнө нь улс төрийн бүлэглэлүүдийг бизнесийнхэн дагадаг байсан бол уул уурхайн томоохон ордоо ашиглаад эхэлмэгц эсрэгээр боллоо. Бизнесийнхний араас улстөрчид гүйж байна шүү дээ.Уул уурхайн томоохон компаниуд хоёр намд "дансны" улстөрчтэй болсон.
Тэднээрээ дамжуулаад өөрт ашигтай шийдвэр гаргуулдаг. Энэ янзаар явбал уул уурхайн лиценз эзэмшсэн хэдхэн олигархийн гарт төр орох нь. Бизнесийн бүлэглэлийг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Барууны орнуудад Лообийны хууль гаргаж, иймэрхүү асуудлыг ил тодоор шийддэг зарчим байдаг. АНУ шиг банк, санхүү, уул уурхайн бүх компанийн төлөөллөө Конгрессын дэргэд байлгаад эрх ашгаа хамгаалаг. АНУ-д ийм жишиг байдаг учир хэн нэг гишүүний халаас руу мөнгө хийгээд хол явдаггүй. Үүнийг л нэвтрүүлэх учиртай.-Олон улсад пропорциональ тогтолцоонд босгыг дунджаар 3-5 хувиар тогтоодог. Үүнийг хэдэн хувиар тогтоовол олон нам, олон ургальч үзэл бүхий УИХ бүрэлдэнэ гэж Та үзэж байна?
-Долоон хувийн босго тогтоовол ОХУ-ын Думтай ижилхэн болно. Эрх баригч Нэгдсэн орос, тэрний тоглоомын "жийрэг" болдог бас нэг нам л тэнд байна. Дэлхий ОХУ-ыг шүүмжилж байхад манай улс тэдний жишгийг дагах гээд байх юм. Мажоритар тогтолцоог бид муулаад л байна. Үүнд сайн тал бий. Монголчууд нэг зүйл дээр хэтэрхий туйлшрах юм. Сонгууль явуулж, төрөө байгуулсан тогтолцоо шүү дээ. Гол нь хоёр тогтолцооны сайн, мууг дэнсэлж үзэх ёстой.-Мажоритар тогтолцоо улсыг олон жижиг тойрогт хуваадаг, цөөн хүний саналыг худалдаж авах амархан байдаг гэдэг. Сонгогчдын санал ч гээгддэг. Нөгөө талаар энэ тогтолцоогоор сонгууль явуулаад олон намын төлөөлөл гардаг ч бүлэг байгуулах хэмжээнд хүрч байгаагүй шүү дээ.
-Мажоритар муу, пропорциональ сайн гэж би хэлэхгүй. Мажоритар тогтолцоог сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах боломж олгодог гээд л шүүмжлээд байдаг. Гэтэл Д)08 оны сонгуулиар өчнөөн тэрбумтан, бизнесмен сонгогдож чадаагүй үлдсэн. Тэд бодвол санал худалдаж авах гэж оролдсон л байлгүй. 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш л хамаг бурууг сонгуулийн тогтолцоонд чихсэн. Тэр үед АН-ын шилэн байр руу нэг ч чулуу шидээгүй. Тиймээс би энэ бүхнийг МАХН төр барьсан 90 жилийн хугацаанд гарсан сөрөг үр дагавар ард түмэнд хүнд тусаж байсны хариу л гэж харж байна. Мэдээж сонгуулийн санал тоолох зэрэгт будлиан гардгийг өөрчлөх ёстой.-Та Монголын улс төрийн нөхцөл байдлыг ОХУ-ын Думтай зүйрлэлээ. Тэгэхээр МАН-ын "жийрэг" нь АН гэж байгаа хэрэг үү?
-Гаднаасаа тэгж л харагдаж байгаа шүү дээ. Зарим улстөрч Оюутолгойн гэрээг яаралтай байгуулах хэрэгтэй гэж байсан. Одоо Тавантолгой дээр ч адилхан ярьж байна. Гэтэл үр дүнд нь 66 хувийг гаднынханд, 34 хувийг өөрсдөө авч үлдэх ашиггүй гэрээ байгуулсан. Дэлхийн эдийн засгийн хямралыг үүсгэсэн, эрх ашгийн зөрчилтэй компаниуд ч Тавантолгойд ороод ирсэн байна. Уг ордыг Оюутолгойн араас оруулж болохгүй. УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар би анхнаасаа байр сууриа илэрхийлсэн. МАН, АН гэлтгүйгээр гишүүд ингэж үзэж байна. Сөрөг хүчингүй үед гэвч энэ нь хоосон ярихтай ижил. АН өөрийн замаар явж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой. Нэг намын "жийрэг" болж явах ёсгүй. Бидэнд өөрийн толгой, итгэл үнэмшил гэж бий. Цаашид энэ хоёр нам сонгуульд хамт орвол АН-ын ирээдүй бүрхэг байна.-АН, МАН хоёрыг сонгуульд хамтарч орж магад гэж гуравдагч хүчнийхний зүгээс дүгнээд байгаа. Үнэхээр ийм магадлал байна уу?
-Арай тийм хөгийн юм хийхгүй байлгүй дээ.-Пропорциональ тогтолцоогоор бол намын нэрээр авсан саналыг дотроо жагсаалт гаргаад хуваадаг. Тэгэхээр олонд танигдсан, туршлагатай улстөрчид тэр жагсаалтад багтаж, залуус нь үлдэх магадлалтай. Залуу улстөрчид ийм айдсаасаа болоод л пропорциональ тогтолцооноос жийрхээд байгаа юм биш үү?
-Асуудлыг мэдээж олонхоор шийднэ. Гэхдээ намын удирдлага л авсан саналыг хэнд хуваах, нэр дэвшүүлэх эсэхийг шийднэ. Хамгийн гол нь уг тогтолцоогоор нэр жагсаахад дээр хэлсэн бизнес улс төрийн фракцынхан орно. Мөнгөөр л шийдчихнэ шүү дээ. Ингэж би хардаад байгаа юм. Ер нь монголчууд нэг хүнийг тахин шүтэхийн горыг амссан. Нэг хүний гарт тийм их хэмжээний эрх мэдэл төвлөрүүлэх нь оновчтой юу гэдгийг бодох ёстой.-Нэг хүн гэж намын даргыг хэлж байна уу?
-Мэдээж намын дарга.-АН-ынхан ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсээс 50 сая төгрөгийн татвар авч байгаа. Та энэ татвараа төлсөн үү?
-Энэ татварыг дөрөв хувааж авч байгаа юм билээ. Би эхний хоёрыг нь төлчихсөн. Гэхдээ аль болох мөнгөний сонгуулиас хол явах хэрэгтэй гэж боддог. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх, гишүүнчлэлгүй болгож, намуудын сонгуулийн сурталчилгааг улсаас санхүүжүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр чадвартай, сайн сайхны төлөө явж байгаа залуучуудад энэ бүхэн том хаалт болно. Тэд намын даргын, бусдын харцаар л хөдөлдөг болно шүү дээ.-Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булах эсэх тухай мэдээлэл их гарсан. Иргэний хөдөлгөөнүүд ч үүний эсрэг дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Экологич гишүүний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Ямар ч тохиолдолд цөмийн хаягдлыг эх орондоо булуулж болохгүй. Энэ чинь радио идэвхт элементтэй. Зарим элемент нь 10 мянган жилийн дараа л задардаг. Ийм урт хугацаанд монголчууд хохирох юм уу. Энэ бол хүний биед хорт хавдрын эс суулгасантай адил. Манай улс онгон дагшин байгаль, экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй. Энэ бүхэн үгүй болно. Атомын цахилгаан станц барина л гэж байна. Тэгвэл цөмийн хаягдлыг эх орондоо булах талаар аяндаа ярих болно. Засгийн газар хэн, хаана, хэзээ ийм хэлэлцээр хийснийг ил зарлах цаг болсон. Бид л дотроо мэдэн будлиад байгаагаас дэлхийд ил тод болчихсон шүү дээ. Үнэн бол тэрийгээ хэлээд Засгийн газар буруугаа хүлээх ёстой. Эцэст нь нэг агентлагийн дарга л хариуцлага үүрээд салах нь. Хэн үүрэг даалгавар өгсөн бэ гэдэг асуултад Засгийн газар хариулах ёстой.-Тэгэхээр цөмийн хаягдлыг манай улсад булах хэлэлцээр хийсэн хэрэг үү?
-Эхлэлээ тавьсан юм билээ. Японы Элчин сайдтай уулзаад би энэ талаар ярихад шууд үгүйсгэхгүй байна лээ. Гол нь манай талын шийдвэр чухал. Ер нь байгаль орчиндоо санаа тавих ёстой. "Урт нэртэй" хууль байна. Үүний эсрэг хуулийг хэсэг гишүүн санаачилсан. Буурал Орхон гол яаж улаанаараа эргэж байгааг та бүхэн харсан байх. Тэнд шар шавар л урсаж байна. Энэ бол уул уурхайн үйлдвэрлэлийн хаягдал. "Урт нэртэй" хуулийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй гэдгийг уг явдал харууллаа. Тэр хаягдалтай хамт химийн хэчнээн хор голд орсныг хэлэх аргагүй. Гэтэл бороо их орсноос болоод далан сэтэрсэн гэх маягийн юм ярьж байна. Тэнд Засаг даргад нь хариуцлага тооцох талаар ярьж байна лээ. Үнэндээ "урт нэртэй" хуулийг хэрэгжүүлж чадаагүй УИХ өөртөө хариуцлага тооцох ёстой.-Гэхдээ уг хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн компаниудад нөхөн олговор олгох төслийг хэлэлцэхээр болчихсон шүү дээ.
-Энэ бол төрийг улстөрчид биш бизнес, уул уурхайн компаниуд барьж буйн тод жишээ. Ийм учраас л ил тод байдал хэрэгтэй байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.