Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
Монголчуудын тоо энэ жилээс улам өсч бүл нэмэх нь. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Манай улс 2.7 сая хүн амтай. Тэдний 36 хувь нь буюу 170 гаруй мянган хүүхэд энэ мөнгийг авах юм. Харин өмнө нь сар бүр хүүхдэд 3000, 10 000 төгрөг олгож байсан удаа бий. Тэр үед төрөлт өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооныхон дуулгаж байсан. Энэ сараас эхлэн олгож буй хүүхдийн мөнгө өмнө нь хүүхэд бүрт очиж байсан мөнгөнөөс хэд дахин их . Монголын ирээдүй болсон алаг үрсдээ төрийн зүгээс гар сунгаж байгаа бол арилжааны банкууд ч үүнд нэгдэн хүүхдийн мөнгийг ямар ч шимтгэлгүйгээр олгохоор болсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр хүүхдийн мөнгө олгох арилжааны 13 банкны төлөөлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Халамжийн мөнгө олгоход тэр газраас санхүүжилт орж ирээгүй дараа сард ир гэх мэтээр иргэдэд бөөн чирэгдэл учруулдаг. Тэгвэл хүүхдийн мөнгөний санхүүжилтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэж “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн. Харин хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор мөнгө авах дансаа хүссэн банкиндаа нээлгэж болох зохицуулалт хийсэн. Мөн нэг хүүхэд зөвхөн нэг л банкинд л данс нээлгэх учиртай. Эцэг эхчүүд тухайн сарын 10-наас өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргавал тэр сардаа, харин энэ хугацаанаас хойш хүсэлтээ гаргавал дараа сард нь хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор болжээ. Энэ нь нэг ёсондоо та аравдугаар сарын 10-наас хойш хүүхдийн мөнгө авах дансаа нээлгэсэн бол энэ сард мөнгө нь орохгүй бөгөөд арваннэгдүгээр сард нөхөж өгнө гэсэн үг. Бяцхан тооцоо бодож үзье. Та хүүхдийнхээ мөнгийг нэг наснаас нь эхлэн 18 хүртэл нь хадгалбал таны хүүхэд дөрвөн сая 380 мянган төгрөгтэй болно. Хүү өндөртэй хадгаламжинд хийвэл үүнээс ч их болох боломжтой.
Ер нь, хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор арилжааны банкууд хүүхдийн хадгаламжийн хүүгээ жилийн 16 хувь хүртэл өсгөсөн байна билээ. Түүнчлэн шинээр хүүхэд төрөх болон шилжилт хөдөлгөөн хийгдэхэд хүүхдийн нэр хасагдах асуудал гардаг. Тэгвэл үүнийг анхааран ажиллахаа илэрхийлж УБЕГ-ынхан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
С.Эрдэнэ: Буцаагдсан мөнгийг сургууль, цэцэрлэг барихад зарцуулна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим асуудлыг тодрууллаа.
-Одоогоор хэдэн хүүхэд дансаа нээлгээд байна вэ. Энэ сарын 20 гэхэд хүүхэд бүр дансаа нээлгэж амжих нь уу?
-Арилжааны банкуудаас өчигдөр авсан мэдээллээр 628 мянга 298 хүүхэд дансаа нээлгэсэн байна. Улсын хэмжээнд нийт 178 мянган хүүхэд сар бүр олгох 21 мянган төгрөгийг авах ёстой. Үлдсэн хүүхдүүд 15-ныг хүртэлх хугацаанд дансаа нээлгэх боломжтой. Энэ сарын 20-нд хүүхдийн мөнгөний эхний сарынхыг дансанд нь оруулахаар ажиллаж байна. Монголбанк арилжааны банкуудын оролцоотойгоор хүүхдийн мөнгийг олгох асуудлыг шинэ хэлбэрээр зохион байгууллаа. Гол нь энэ мөнгийг хүүхдүүдэд цахим технологи ашиглан богино хугацаанд ямар ч чирэгдэлгүй олгоно. Хүүхдийн мөнгөнөөс банкууд ямар ч шимтгэл хураамж авахгүй олгохоор болсон. Энэ бол том дэмжлэг гэдгийг хэлмээр байна.
-Халамжийн мөнгө гэхээр санхүүжилт ирээгүй, мөнгө байхгүй гээд иргэдийг буцаах тохиолдол гардаг. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг шийдсэн үү?
-Банкууд аравдугаар сарын 2-ноос эхлэн хүүхдийн мөнгө авах иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна. Он дуустал гурван сарын хүүхдийн мөнгийг олгохоор 59 тэрбум төгрөг баталсан. Одоогоор Монгол банк, Төрийн сан, УБЕГ хамтраад хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулж байгаа.
-Хүүхийн мөнгийг нөхөж олгохгүй гэж байсан. Яагаад вэ. Энэ сарын 20-ныг хүртэл дансаа нээлгэж амжихгүй бол мөнгө нь орохгүй гэсэн үг үү?
-Хүүхдийн мөнгө олголтоос хэмнэсэн мөнгийг төвлөрсөн төсөвт татахгүй байх мөн өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар Засгийн газар судалж байна. Энэ чиглэлээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийднэ. Хэмнэлтээс гарсан мөнгөнөөс хүүхэд хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулдаг болох юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай барихад зарцуулна гэсэн үг. Тэгэхээр тухайн жилд батлагдсан хүүхдийн мөнгөний дансаа нээлгэсэн ч авахаас татгалзах юм бол түүнийг хүүхдийн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулдаг байхаар тусгасан. Энэ нь нэг талаараа хүүхдүүд, хүүхдийн байгууллагад том боломж олгож байгаа.
-ХХҮГ татан буугдсантай холбоотойгоор есдүгээр сарын халамжийн мөнгө орохгүй байна хэмээн иргэд гомдоллох боллоо?
-Зарим газруудад есдүгээр сарын мөнгийг олгосон. Гэхдээ одоогоор дийлэнхэд нь оруулж амжаагүй байна. Ес, аравдугаар сарын мөнгийг нөхөж олгоно. Иймээс есдүгээр сарын мөнгөө аваагүй иргэд санаа зовох зүйлгүй.
-“Хүний хөгжил сан”-гаас олгож байсан 21 мянган төгрөгөө аваагүй иргэд нэлээд байна. Үүнийг нөхөн олгоно гэж байсан. Хэзээ олгох вэ?
-Тодорхой иргэдийн нэр дээр тодорхой тоо хэмжээтэй гэрээний дагуу олгогдож байгаа мөнгө учир хэдэн төгрөг нь олгогдсон хэд нь олгогдоогүй гээд тайлангаар гараад ирдэг. Олгогдоогүй хуримтлал болж үлдсэн мөнгийг нэг бол иргэдэд нь нөхөж олгох эсвэл буцаагаад төрийн сан руу татдаг. 21 мянгын хувьд нийт 42 мянган хүн авч чадаагүй гэсэн тооцоо бий. Үүний 21 мянган иргэн “Хүний хөгжил сан”-гийнхаа 21 мянган төгрөгийг нөхөн авах өргөдөл, хүсэлтээ гаргачихсан байгаа. Харин үндсэн иргэд одоогоор ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хаяг нь тодорхойгүй байгаа. Хаяг нь тодорхойгүй байгаа иргэдийг бид гадаадад байгаа гэж тооцож байгаа.