Ерөнхий сайдад асуулга тавилаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Засгийн газрын зүгээс төрийн мэргэшсэн, жинхэнэ албан хаагчдыг хууль зүйн аливаа үндэслэлгүйгээр, хомроглон халж байгаа асуудлаар асуулга тавилаа.
Эрхэм гишүүн С.Бямбацогт асуулгадаа “УИХ 2002 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэн, сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөхгүй, мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг төлөвшүүлж байгаа билээ. Төрийн албаны тухай хууль болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу төрийн жинхэнэ албанаас ажилтныг чөлөөлөх, сонгон шалгаруулж томилох асуудлыг зохицуулдаг” гээд Засгийн газраас ямар хууль, эрх зүйн заалтыг баримтлан яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга нарыг чөлөөлсөн буюу томилсон.
Түүнчлэн Таны тэргүүлсэн Засгийн газраас гаргасан 2012 оны 26 тоот тогтоол нь Төрийн албаны тухай хууль, УИХ-аас баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журамтай хэрхэн нийцэж буй талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүсч энэхүү асуулгынхаа хариуг 2012 оны аравдугаар сарын 25-ны дотор чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн танилцуулахыг хүсч байна” гэжээ.
Ерөнхий сайд нь Үндсэн хуульд заасны дагуу төрийн хуулийг гажуудуулахгүй, хэлбэрэлтгүй биелүүлж чадаж байгаа эсэхийг УИХ-ын өмнө хариуцдаг тул ийнхүү эрхэм гишүүн Засгийн газрын тэргүүнд хандлаа. Шинэчлэлийн Засгийн газар нь төрийн зардлыг багасгана гэж ярьж байсан боловч өмнөх Засгийн газар 11 яамтай нийт 929 орон тоотой байсан бол шинэ Засгийн газар 16 яамтай 1625 орон тоотой болж яамдын орон тоог даруй 696-аар нэмэгдүүлж, төрийн толгойг данхайлган, хурган дарга нарын тоог улам нэмэгдүүлээд байгаа мэдээлэл бий. Хэрвээ энэ асуулгын хариу гарвал маргаантай бөгөөд, үл ойлгоцолтой байсан асуудлууд тодорхой болж ирэх юм хэмээн гишүүн С.Бямбацагт үзжээ.