Өлсгөлөнгөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв
2008.01.01

Өлсгөлөнгөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

УИХ-ын Тамгын газрын төлөөлөл өлсгөлөн зарласан иргэдтэй уулзлаа

2012 оны тавдугаар сарын 09-ний өдрийн Лхагва гаригийн 18 цагт УИХ-ын Байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэн, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт Д.Золбоо нар Төрийн ордны баруун талд хуурай өлсгөлөн зарлаж байгаа иргэдтэй уулзлаа.Өлсгөлөн зарласан иргэд Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг батлан даалтанд гаргаж, суллахыг шаардаж, тавдугаар сарын 08-ны мягмар гаригийн 15 цагаас эхлэн хуурай өлсгөлөн зарлаад байсан юм.Эдгээр иргэдээс тав нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан шаардлага хүргүүлсний дагуу УИХ-ын дарга шаардлагатай танилцаад Тамгын газрын удирдлагад иргэдэд анхаарал тавих үүрэг, чиглэлийг өгсөний дагуу УИХ-ын Байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэнээр ахлуулсан тус Тамгын газрын холбогдох ажилтнууд дээрх иргэдтэй уулзаж, УИХ-ын байр суурийг илэрхийлэхийн сацуу өлсгөлөн зарлаад буй иргэдийн санал хүсэлт, УИХ-ын гишүүд, удирдлагуудад хандсан үгийг сонслоо.

Уулзалтын үеэр өчигдөр нэр бүхий таван иргэн хуурай өлсгөлөн зарлахаар шийдвэрлэснээ мэдэгдэж өлсгөлөнг эхэлсэн ч одоогийн байдлаар зургаан хүн өлсгөлөн зарлах үйл ажиллагаанд нэгдэн нийт арван нэгэн иргэн болоод байгаа бөгөөд цаашдаа энэ тоо нэмэгдэнэ гэдгийг дээрх иргэд хэлж байлаа. Мөн Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Орхон зэрэг аймгийн иргэд ирсэн байв.Д.Одсүрэн хэлэхдээ, Та бүгдийн хүргүүлсэн шаардлагыг УИХ-ын бүх гишүүдэд хүргүүлж байгаа. Мөн дээр нь Эрүүл мэндийн сайдтай холбоотой асуудал учраас Н.Хүрэлбаатар сайдад энэ шаардлагыг тань хүргүүлэх арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн байгаа. Шаардлагад дурьдсан энэ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, цагдан хорьж байгаа арга хэмжээг зогсоох гэсэн шаардлагын хувьд бол та бүхэн ч бас өөрсдөө мэдэж байгаа байх уг хэргийг шалгаж байгаа АТГ, Прокурор, Шүүхийн байгууллагууд бол хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг, ЭБШ хуулиар эрх нь олгогдсон байгууллагууд байгаа.

Тийм учраас эдгээр байгууллагын үйл ажиллагаанд УИХ-аас шууд оролцоод хэргийг хэрэгсэхгүй болго, сулла ч гэдэг юм уу тийм шаардлага тавьж ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байгаа гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоорой. Хамгийн гол нь хуурай өлсгөлөн зарлана гэдэг бол та бүхний эрүүл мэндэд хор хохирол учрах аюултай тул энэ үүднээс УИХ-ын удирдлагын зүгээс өлсгөлөнгөө зогсоох талаар хоорондоо ярилцаад тодорхой, нааштай арга хэмжээ аваачээ гэж зориуд та бүхэнд уламжлахыг хүссэн юм шүү гэсэн түүний саналын дараа иргэд тус бүртээ өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.

Өлсгөлөн зарласан иргэд, Бид өлсгөлөнгөө зогсоохгүй. Эрүүл мэндийн сайд, Цагдаа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн байгууллага гэх мэтчилэн холбогдох бүх шатны байгууллагад мэдэгдсэн. Эхний хүмүүс өлсгөлөн зарлаад хорин дөрвөн цаг болж байгаа. Ямар ч арга хэмжээ авагдаагүй байна. УИХ-аас хамгийн түрүүнд ирж уулзаж байгаад талархалтай байна. Энэ өлсгөлөнг ямар нэг зохион байгуулалттайгаар биш, сайн дураараа нэгдэн, хийж байна. Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэж байна.

УИХ-ын гишүүд анхааралдаа авах хэрэгтэй. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байна гэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.