С.Эрдэнэ:  Хуримтлалаас хүү тооцох боломжгүй
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2012.10.24

С.Эрдэнэ: Хуримтлалаас хүү тооцох боломжгүй

Засгийн газрын шийдвэрээр энэ сараас эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 20-ноос эхлэн хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөгийг арилжааны 12 банкаар дамжуулан олгож эхлээд байна. Улсын хэмжээнд хэчнээн эцэг, эх хүүхдийн мөнгө авахаар маягт бөглөв?
-Манай улсад 0-18 насны нийт 967976 хүүхэд байдаг. Аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 851150 хүүхэд мөнгөө авахаар маягт бөглөсөн байна.

Энэ нь нийт хүүхдийн 87.4 хувь нь юм. Бидний тооцоолж байгаагаар хамгийн багадаа нийт хүүхдийн 90 гаруй хувь нь хүүхдийн мөнгөний бод­логод хамрагдах тооцоотой бай­на.
-Хүүхдийн мөнгийг олгоход эцэг, эхчүүдийн зүгээс ямар нэгэн зөр­чил илэрч байна уу?
-Санаатай болон санамсаргүй байд­лаар тодорхой хэмжээний зөр­чил гарч байна. Гэвч бид эдгээр зөрчлийг байх ёстой хэмжээнд байна гэж үзэж байгаа.
-Тухайлбал?
-Хүүхдийн мөнгийг авах гэсэн иргэд нэг банканд хүүхдийнхээ дансыг нээлгэчихээд өөр банканд дахин данс нээлгэсэн давхардсан бо­­лон бичиг баримтын зөрчил гарч байна.
-Яамны зүгээс тухайн зөрчлийг арил­гах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай яам бичиг баримтын бо­лон бусад зөрчлийг арилгах замаар хүүхдийн мөнгийг саадгүй ол­гох бодлогыг барин ажиллаж байгаа.

Харин санаатай, санамсаргүй байд­лаар данс давхардсан тохиол­долд сүүлд сонгосон банкаар нь дамжуулж хүүхдийн мөнгийг олгохоор болсон.
-Хүүхдийн мөнгийг иргэдэд бэлнээр олгож байгаа нь инфляцид тодорхой хэм­жээгээр нөлөөлөх үү?
-Бид хүүхдийн мөнгийг олгох шийд­вэрийг гаргаж байхдаа эдийн засагт хэрхэн нөлөөлөх эсэхийг нь судалж үзээд инфляцид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Харин ч бүр эдийн засаг дутагдмал байгаа өнөө үед төгрөгийн ний­лүүлэлтийг нэмж өгсөн нь нийгэмд эергээр нөлөөлнө гэж бодож байна.
-Ирэх сараас эхлэн хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд зориулан гар­гасан тусгай картаар тараахаар бол­сон. Гэтэл уг картын гүйлгээнд хяз­гаарлалт хийнэ гэж яриад бай­гаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Бид хүүхдийн картаар хийх гүйл­гээнд хязгаарлалт хийхээр төлөв­лөөд байгаа. Тухайлбал, хүүхдийн картаар архи, тамхи худалдаж авахыг хориглох зэрэг нэлээд хэдэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг нь хязгаарлах болно.
-Тухайн эцэг, эх маягт бөглөсөн ат­лаа хүүхдийнхээ мөнгийг тухайн сар­даа багтаж аваагүй тохиолдолд мөнгийг төрийн сан буцааж татах уу?
-Хүүхдийн мөнгийг аваагүй үед бу­­цаагаад Төрийн сан руу татчихна гэж эмээх шаардлагагүй. Тухайн сарын мөнгө хүүхэд бүрийн дансанд байршаад хуримтлал үүс­гэнэ. Дуртай үедээ түүнийгээ авах боломжтой.
-Та хуримтлал үүснэ гэж хэллээ. Харин хуримтлалд хүү тооцогдох болов уу?
-Ямар нэгэн шимтгэл төлөхгүй болохоор хүүг тооцох боломжгүй. Харин хүүхдийнхээ мөнгийг хад­га­ламжийн дансанд шилжүүлбэл хүү бодогдоно. Бидний тооцоолсноор нэг нас­наа­саа хамрагдсан хүүхэд 18 нас хү­рэхэд 4 сая 320 гаруй мянган төг­­рөгийн хуримт­лалтай болж, ирээ­дүйдээ зориулах хадгаламжийн эх үүс­вэрийг бий болгох боломжтой юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.