Нүүрс шингэрүүлэх төсөлд хамтран ажиллана
2012.02.06

Нүүрс шингэрүүлэх төсөлд хамтран ажиллана

Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яам нөгөө талаас “Монголын Аж үйлдвэрийн корпораци” ХХК, “MCS” ХХК , “Монголын алт” /МАК/, “Петровис” ХХК–иуд Монгол Улсад нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахад хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудын өмнө нь хийсэн судалгааны ажлыг нэгтгэн дүгнэлт гаргах, компаниудын хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслүүдийг харилцан уялдуулах боломжийг нээх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар судлах ажлыг хамтран гүйцэтгэх аж.

Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн технологийн төслүүдийг аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын хүрээнд гүйцэтгэх техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээний болон холбогдох тооцоо судалгааны талаар товч танилцуулга, мэдээллийг солилцох юм.

Түүнчлэн шинээр баригдах үйлдвэрүүд болон нийтийн дэд бүтцийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загвар хувилбарыг боловсруулж, нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийн судалгааг гүйцэтгэхэд төр, хувийн хэвшлийн компаниудын хамтын оролцооны зохистой хэлбэр, хөрөнгө оруулалтын хувилбарыг гаргах, эрх зүйн орчныг сайжруулахаар болов.

Мөн нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн тарифаас хөнгөлж, чөлөөлөх боломжит хувилбаруудыг хамтран судлах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр талууд санал боловсруулан хамтран ажиллах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.