Хэн нь хэн бэ? Хариултаар нь харьцуулах уу?
2012.02.02

Хэн нь хэн бэ? Хариултаар нь харьцуулах уу?

Хэн юу хийсэн бэ? Хэн юу хийх вэ? Нэгийг нь нөгөөгөөр нь дүгнүүлье. Хуучин дэд сайдууд ба дэд сайдуудтай хийсэн утсаар хийсэн ярилцлагыг хүргэе. Зарим сайдууд маань хоорондоо ажлаа хүлээлцэж уулзаж амжаагүй учир хариулахаас татгалзаж байсан юм. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү гадаад руу ажлаар явсан тул утсаа авахгүй байлаа. Харин ЭБЭХЯ-ны дэд сайд асан Б.Ариунсангийн утас нь өдөржингөө холбогдохгүй байсан бол БСШУЯ-ы дэд сайд Б.Ундармаа яамныхаа ажлын хэсэгтэй уулзаад тун чиг завгүй байсан учир асуултад минь хариулж чадаагүй юм. Гэхдээ яахав. Бодит байдал иймийн тул утсаа авч, ярилцахаас татгалзаагүй хуучин ба шинэ дэд сайдуудын яриаг хүргэж байна. 

-Та ХХААХҮЯ-ны дэд сайд боллоо. Та хамгийн түрүүнд юу хийх  вэ?
ХХААХҮЯ-ны дэд сайд Д.Баянмөнх:
Монгол мал хөтөлбөрийг амьдрал дээр хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд ч энэ чиглэл рүү заавар өгсөн байгаа. Түүнчлэн хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарынхаа хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллана гэж бодож байна. Би өөрөө энэ салбарт олон жил ажилласны хувьд хэлэхэд богинохон ч гэсэн энэ хугацаанд хөдөөг хоршоолох ажилд гол анхаарлаа хандуулна.
ЭБЭХЯ-ны дэд сайд Ц.Гарамжав:
Манай салбар болоод улс орны өмнө тулгараад байгаа шатахууны үнийн өсөлтийн асуудлаар идэвхийлэн ажиллана гэж бодож байгаа. Мөн компаниудтай тохироо хийх зэрэг ажлуудыг хийнэ. Дараагийн нэг асуудал нь Гол мөрөн урсац бүрэлдэх эх сав газарт ашигт малтмал, хайх, олборлохыг хориглосон Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх талаар Сангийн яам болоод бусад яамдуудтай хамтран бүгдээрээ дорвитой алхам хийх бодолтой байгаа. Миний бас нэг санаа зовоож байгаа зүйл бол өнөөдөр манай улс дизелийн бараг нөөцгүй явдал. 12 хоногийн л нөөцтэй байна. Гэтэл бусад улс орнууд 6 сарын нөөцтэй байдаг. Тэгэхээр монгол ядаж нэг сарын нөөцтэй болмоор байгаа юм. Одоо дэлхийн эдийн засгийн хямрал газар авч, Оросод сонгуулийн хямрал үүсчихлээ. Харин манайд удахгүй сонгуулийн хямрал нүүрлэх гэж байна. Энэ бүхнээс урьтаж нөөц, шатахууны асуудлаа шийдэх хэрэгтэй боллоо.

Гадаад харилцааны яамны дэд сайд Г.Тэнгэр:
Гадаад харилцааны яамны шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж дуусгах, гадаад сурталчилгааны зөвлөлгөөний энэ жилийн төлөвлөгөөг батжуулж, хэрэгжүүлж эхэлнэ. Түүнчлэн ноднин жил батлагдсан гадаад бодлогын үзэл баримтыг хэрэгжүүлэхэд анхаарна. Европын холбоотой байгуулах түншлэлийн гэрээг батлуулах, Японтой анх байгуулах чөлөөт худалдааны гэрээг урагшлуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа.

Ийнхүү шинэхэн дэд сайдууд маань салбар салбарынхаа анхаарах ёстой, мөн хамгийн түрүүнд хийх ажлуудаа тодорхойллоо. Харин тэд өмнөх дэд сайдын ажлыг хэрхэн дүгнэснийг одоо сонирхоё.
-Өмнөх дэд сайдын ажлыг дүгнээч. Хэд гэж дүн тавих вэ?
ХХААХҮЯ-ны дэд сайд Д.Баянмөнх:
Онц дүн тавина. ЭБЭХЯ-ны дэд сайд Ц.Гарамжав: Ариунсан сайд маань ажлаа сайн хийсэн. Өөрөө угаасаа эрдэс баялгийн мэргэжлийн хүн болохоор салбарынхаа асуудалд их уян хатан хандаж, асуудлыг сайн ойлгож ажилласан нь хийсэн бүтээсэн зүйлээс харагдаж байна.

Гадаад харилцааны яамны дэд сайд Г.Тэнгэр:
Өмнөх дэд сайдын ажлыг дүгнэж чадахгүй.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Н.Номтойбаяр: Одоогоор Нямхүү сайдтай ажлаа хүлээлцэж аваагүй байна. Гадаадад томилолтоор явж байгаа учир уулзаж амжаагүй явна.

Шинэ Дэд сайд нар ийнхүү дүгнэсэн бол хуучин дэд сайдууд өөрсдийгөө ямар ажил хийснийг сонирхоцгооё.
ХХААХҮЯ дэд сайд асан Х.Золжаргал:-Таны ажилд шинэ дэд сайд Баянмөнх онц дүн тавилаа.
Та өөрийнхөө хийсэн ажлыг нэг өгүүлбэрээр дүгнээч?
ХХААХҮЯ  дэд сайд асан Х.Золжаргал:
Хүн өөрөө өөртөө онц дүн тавих нь жаахан тиймэрхүү. Хэн нэгнээр дүгнүүлээд магтуулж эсвэл загнуулж байх нь сайхан шүү дээ. Харин би нэг л юмийг баттай хэлж чадна. Юу гэхээр манай яам сүүлийн хорин жил хийж амжаагүй ажлыг амжуулсан. Энэ л ямар дүн авахыг хэлж өгөх байх. Бид Газар тариалангийн салбарт 100 гаруй тэрбум, хүнсний салбарт 400 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. ОХУ-аас мал аж ахуйн салбарт 375 сая рублийн буцалтгүй тусламжийг авсан. Хятад Япон, Кувейт зэрэг улсуудад мах махан бүтээгдэхүүн гаргахаар болж чадлаа. Энэ бүхнийг дүгнээд хэлбэл манай яам хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг 100 хувь биелүүлсэн.

-Та дэд сайд байхдаа юу хийж бүтээсэн бэ?
Гадаад харилцааны яамны дэд сайд асан Б.Болор:
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай яамны хийж бүтээсэн зүйл бүгдийг товчхон яриад өнгөрөх нь утгагүй. Харин онцлох үйл явдал, ажлуудыг хэлэх нь зүйтэй байх. Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг батлуулсан нь хамгийн том ажил болсон. Учир нь улс орнууд дайн байлдаангүй, энх тайван байгаа үед гадаад харилцаагаа эдийн засаг руу чиглүүлэх нь зүйтэй. Би эдийн засагч хүн болохоороо дэд байхдаа энэ тал руу их анхаарч ажилласан. Түүнчлэн Европын холбоотой түүхэн том хэлэлцээрийг хийж чадлаа. 1994 оноос хойш яригдсан хэлэлцээрийг нэг жилийн хийсэн. Мөн худалдааны хуулийг шинэчлэх асуудал өнөөдөр биеллээ олж, УИХ-аар батлагдчихлаа.

БСШУЯ-ны дэд сайд асан Ч.Куланда:
Миний ажлыг дүгнэх хүмүүс бол ард түмэн. Тиймээс тэднээс асуух хэрэгтэй байх. Мэдээж хамт олон, яамны сайд, агентлагуудтайгаа хамтран хамтын хүчээр өнөөдөр Кембрижийн стандартыг нэвтрүүлэх ажил боловсролын салбарт гарсан томоохон ажил юм. Өөрсдийнхөө ажлыг дүгнэх нэгэн байхад дүгнэхийг хүсээгүй сайдууд ч байсан. Харин одоо тэдний ажлыг үргэлжлүүлэх
Шинэ дэд сайдын талаарх санал сэтгэгдлийг нь нэг сонсьё.

ХХААХҮЯ дэд сайд асан Х.Золжаргал:
Баянмөнх бол манай яамны стратегийн газрын дарга байсан. Энэ салбарын жинхэнэ мэргэжилтэн дээ. Ажлаа сайн мэддэг. Яамны маань шилдэг ажилтан. Ийм л хүн миний ажлыг үргэлжлүүлж байгаад баяртай үнэхээр баяртай байгаа.
Гадаад харилцааны яамны дэд сайд асан Б.Болор:
Залуу хүн байгаад их олзуурхаж байгаа. Яагаад гэвэл би өөрөө ч гэсэн анх дэд сайд болохдоо залуу байсан учраас яаманд шинэ салхийг их оруулж, залуучуудыг дэмжиж ажиллаж ирсэн. Гадаад харилцаа гэдэг бол аль нэг нам нь ирээд хийчихдэг ажил биш шүү дээ.

-Хуучин сайдуудаас шинэ сайдад захих захиас?
ХХААХҮЯ дэд сайд асан Х.Золжаргал: Одоо удахгүй энэ зургадугаар сараас хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийн хууль хэрэгжиж эхэлнэ. Би Баянмөнхийг үүнд л гол анхаарлаа хандуулаарай гэж захия даа.

Гадаад харилцааны яамны дэд сайд асан Б.Болор:
Гадаад харилцаандаа худалдаа эдийн засгийн тал дээр түлхүү анхаарч ажиллаарай.

БСШУЯ-ны дэд сайд асан Ч.Куланда:
Улс орныхоо төлөө их том амжилт гаргаж, богинохон ч гэсэн үлдсэн зургаан сарын хугацаандаа Засгийн газрын хөтөлбөрийг үргэлжүүлээрэй гэж захия даа. Хэн нь хэн гэдгийг хариултаар нь харьцууллаа. Энэ удаад энд хүрээд өндөрлөе. Хэн юу хийснийг, хэн нь юу хийхийг мэдэж авлаа. Хамгийн мэргэн дүн тавигч ард түмэн, тэдний амьдрал юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.