ИЗНН  залууст захидал илгээв
2012.02.02

ИЗНН залууст захидал илгээв

Монгол залуу хүн танаа 

Цаг хугацаатай уралдан сурч, ажиллаж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амжилт өөд тэмүүлэн амьдарч буй монгол залуу хүн Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.Монгол Улс бол залуучуудын орон. Манай улсын 2,7 сая иргэний 70 орчим хувийг 36 хүртэл насны залуучууд эзэлж байгаа нь үүний нотолгоо юм. Тиймээс Та бүхэн эх орныхоо хойч ирээдүй нь төдийгүй өнөөдөр нь гэдэгтэй санал нийлэх биз ээ.

Аливаа улс орны хөгжлийн манлайлал, түүчээг залуу үе гардан хэрэгжүүлж, өвлөн үргэлжлүүлдэг. Залуу үе, залуучууд гэх ойлголт хүний хувьд насаар хэмжигддэг хэдий ч улс орны тухайд цаг хугацаанаас үл хамааран үргэлжлэх мөнхийн томъёолол, шавхагдашгүй нөөц юм.

Харамсалтай нь ойрмогхон эрх баригч МАН болон АН-ууд залуусыг мянга, мянгаар нь “бөөндөн” гишүүнээр элсүүлж, түүгээрээ бахархан уралдаж байгаа нь энэхүү захидлыг Та бүхэндээ хандан бичих болсны шалтгаан боллоо.Аливаа улстөрийн нам бол үзэл санааны нэгдэл, түүнд хэнийг ч элдэв амлалт, эд мөнгөөр татан “бөөндөн” элсүүлж үл болох бөгөөд ийм бусармаг үйлдэлд ч залуус маань татагдах учиргүй.

Залуус та бүхнийг “бөөний” бараа мэтээр үзэж буй энэ мэт үйлдэл нь хэрэг дээрээ хүнийг дорд үздэг, үзэл бодол хүсэл сонирхлыг нь үл хүндэтгэдэг, хэнийг ч юуг ч худалдан авч болдог хэмээсэн бурангуй хандлагын тодорхой илрэл юм.Өнгөрсөн үеийн түүхийг бүтээсэн эзэд, одоогийн ахмадуудаар бид бахархдаг.

Энэхүү буухиаг тасалдуулалгүйгээр нэр төртэй үргэлжлүүлэх хүндтэй үүрэг өнөө үеийн залуус Та бүхэнд ноогдож байгаа.XXI зууны эрчимтэй хөгжил, сэтгэлгээний эрс өөрчлөлт, техник, технологийн хувьсгал, шинжлэх ухааны шинэ шинэ ололт, хөгжлийн шинэ хурдтай хөл нийлүүлэн алхах монгол залуу хүн Та эзэмшсэн мэргэжил, мэдлэгээрээ амжилт гарган, өөрийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө хичээгээрэй. Бид харин өөрсдөөс хамаарах бүхнээр дэмжин туслах болно. Эх сайхан нутагтаа, Монголдоо сайхан амьдаръя.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.