Д.Ганхуяг: Эдийн засгийн өндөр өсөлтийн хөөсийг шавхах хэрэгтэй
-Ирэх оны төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэж баталлаа. Ер нь ирэх онд манай улсын санхүү, эдийн засаг ямар байх нь вэ?
-Ирэх жил Монгол Улсын төсөв санхүү ямар байх вэ гэдгийг урьдчилан хэлэлцэж баталлаа. Макро эдийн засгийн төсөв, санхүүтэй холбогдсон есөн үзүүлэлтийг хэлэлцдэг. Би үүнийг 2012 оны батлагдсан төсвийн үзүүлэлттэй харьцуулж харлаа.
Эндээс харахад 2013 онд эдийн засгийн өсөлт 19 хувь байх юм байна. Харин төсвийн нийт зарлага 32.9 хувь, халамжийн зардал 2.5 дахин нэмэгдэхээр байна. Шинэ Засгийн газар энэ төсвийн хүрээний үзүүлэлтэд багтаан 2012 оны аравдугаар сарын 1-ний дотор 2013 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, 2013 оны төсөв батлагдах хуультай.
-Асуудлыг хэлэлцэхэд та эсрэг байр суурь илэрхийлж байсан. Ирэх оны төсөвт юуг анхаарах шаардлагатай байгаа вэ?
-Эсрэг байр суурь ч биш юм. Төсвийн урсгал зардлыг 2012 оны түвшинд царцаан барих санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Өнөөдрийн байдлаар урд хөрш эдийн засгийн өсөлтийнхөө хөөсийг шавхаж, эдийн засгаа чанаржуулж байна. Нөгөө өнцгөөс нь харвал тооноос чанар руу шилжиж байна. Одоо ч гэсэн Европын холбооны том эдийн засаг хямралтай хэвээр байгаа. Энэ нь АНУ, Ази, болон бусад орнуудын эдийн засагт нөлөөлсөөр байна. Энэ нөхцөлд манай эдийн засаг ирэх онд 19 хувиар өсөх хуулийг батлах гэж байна. Энэ бол хөөстэй өсөлт. Тиймээс хөөсөө манайх Хятадын адил шахах шаардлагатай. Ийм арга хэмжээ авахгүй бол эрсдэл дагуулна. Эдийн зас-гийн хөөстэй өсөлттэй шууд хамааралтайгаар төсвийн орлого, зарлага, өр зээлийн хэмжээ өсдөг юм. Ер нь эдийн засгийн өсөлт дэлхийд дээгүүрт орохоор өндөр байгаа нь бахархууштай зүйл. Гэхдээ энэ өсөлтийн чанарт асуудал байгаа. Хэрэв ашигт малтмалын түүхий эдийн үнэ унавал, данхайсан төртэй холбоотой урсгал зардлыг танахад ихээхэн хүндрэл учирна. Нөгөө талаас төсвийн орлого буурлаа ч өр, зээл хэвээрээ үлдэж тэр чигээр нь төлөхөөс өөр аргагүйд хүрнэ.
-Энэ асуудал, эрсдэлийг төсвийн тогтвортой байдлын хуулиар зохицуулчихаж болно биз дээ?
-Төсвийн тогтвортой байдлын хууль хэрэгжиж байгаа. Энэ сайн явдал. Гэхдээ энэ хуулиар эдийн засгийн хөөсрөлттэй өсөлтөөс үүсэх дээр ярьсан эрсдэлийг бүрэн зохицуулах боломжгүй. Энэ нь улсын төсвийн орлогод голлох нөлөөлөлтэй зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын борлуулалтаас улсын төсөвт орох орлогыг 100 хувь зарцуулалгүй, тодорхой хэмжээний хуримтлал бий болгож, түүнийгээ ашигт малтмалын үнэ унасан үед төсвийн зарлагын тодорхой хэс-гийг хаах зарчмыг хуульчилсан юм. 2012 оны эцэс гэхэд энэ тогтворжуулалтын санд 560 орчим тэрбум төгрөг төвлөрөх байх. Гэхдээ энэ нь ашигт малтмалын үнэ огцом унасан үед юу ч болохгүй. Шалтгаан нь 2013 онд төсвийг хоёр хувийн алдагдалтай батлахаар байгаа. Энэ алдагдлын хэмжээ нь л гэхэд 380 орчим тэрбум төгрөг болж байгаа.
-Тэгэхээр энэ байдлаас урьдчилан сэргийлэх боломж юу байна вэ?
-Энэ тохиолдолд маш энгийн зарчим бий. Тэр нь төсвийн зарлагын өсөлтийг инфляцийн түвшнээс хэтрүүлэхгүй байх явдал. Ер нь бол эдийн засгийн чанартай, тогтвортой, зохистой өсөлтийг хангах бодлого гаргаж, хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй л дээ. Энд байгалийн баялгаа түүхийгээр нь биш, тодорхой боловсруулалт хийж экспортолдог болох хэрэгтэй байна. Шалтгаан нь зах зээл дээр түүхий эдийн үнэ байнгын хэлбэлзэлтэй байдаг бол, эцсийн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байдаг. Тухайлбал Таван толгойн коксжих нүүрсийг олон улсын стандартын түвшинд нийцүүлж угаагаад гаргахад орлого хоёр дахин, кокс болгоод гаргахад орлого 3-4 дахин нэмэгдэх жишээтэй. Энэ хэмжээгээр Эрдэнэс таван толгой компанийн үнэлгээ, түүнчлэн иргэдэд олгогд-сон хувьцааны үнэ, ногдол ашиг нэмэгдэх жишээтэй.
-Таныхаар төсвийн зарлагыг хаслаа. Ингэсэн тохиолдолд орлого үлдэх байх. Түүнийг яах ёстой вэ?
-Тийм. Төсвөөс орлого үлдээхийн тулд баялаг бүтээдэггүй. Тиймээс л урсгал зардлыг хасах гэсэн юм. Тэр үлдэгдэл мөнгийг Хөгжлийн банкаараа дамжуулаад дараах төслүүдийг хэрэгжүүл-мээр байгаа юм. Ингэснээр заавал гадны зээл хөөцөлдөх шаардлагагүй. Юуны түрүүнд Хот суурин газрын гэр хорооллыг дэд бүтэцжүүлж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлмээр байна. Нефть, боловсруулах үйлдвэрт төрийн оролцоо байхаар хуульчилсан. Тэр санхүүжилтээ бэлдмээр байна. Коксжих болон төмөрлөгийн үйлдвэр гээд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг баримаар байна. Зэс хайлуулах үйлдвэр, төмөр зам тавих зэрэг төслүүд санхүүжилтгүй гацсан. Мөн барилгын гол нэрийн бүтээгдэхүүний салбарыг ч дэмжмээр байна. Энэ мэтээр ажиллах хэрэгтэй байгаа. Ер нь өнөөдрийн эдийн засгийн өндөр өсөлтийн хөөсийг шавхмаар байна.