Д.Ганхуяг: Бид 1.2 тэрбум долларын зээл төлөөд Оюутолгойгоо эзэмшинэ
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг удахгүй бүрэлдэх шинэ парламентад зориулж Д.Дэмбэрэл даргад хуулийн төсөл өргөн барьсан. Мөн үргэлжлүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Гишүүн энэ далимд өөрийн хийсэн ажлаа тайлагналаа. Тэрбээр 2004-2008 онд 12 орчим хууль санаачилж байсан бол өнгөрсөн дөрвөн жилд 35 хууль санаачилжээ. Мөн 2004-2008 онд 38 ажлын хэсэгт орж ажиллаж байсан бол өнгөрсөн дөрвөн жилд 84 ажлын хэсэгт оржээ. Үүнтэй холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ парламент, Засгийн газрын голлох ажил нь Оюутолгойн гэрээ байлаа. Яг өнөөдрийн байдлаар хэдэн хувь нь Монгол Улсын эзэмшилд байна вэ. 34 хувийг эзэмшиж чадахгүй байгаа талаар олон хүн ярьдаг?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын хувьд бид шууд 34 хувиа эзэмшээд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувь хүргэх ёстой байгаа. Гэтэл яг өнөөдрийн байдлаар гэрээ хийхийн өмнө Оюутолгой Монголын ард түмний баялаг байсан бол гэрээний дараа бид 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг төлөхийн тулд зээлтэй болж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зээлийн хэмжээ 1.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Энэ зээлээ төлчихвөл бид албан ёсоор 34 хувьдаа эзэн болно.Миний хувьд Оуютолгойн гэрээг Монголд ашигтай хийх, сайжруулах талд үргэлж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Оюутолгойн гэрээнд УИХ-ын гишүүдийн шаардлагын үр дүнд өөрчлөлт орсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хоёр төрлийн өөрчлөлт орсон. Нэг нь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллараар багасгах шийдвэр гаргуулсан. Мөн Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар Монголын талын ашиг тэрбум ам.доллараар нэмэгдсэн.
-Засгийн газарт та маш олон удаа асуулга тавьж байсан юм байна. Эдгээр асуулгын шийдэгдсэн байдал нь ямар дүнтэй байдаг вэ?
-Ерөнхийдөө асуулга асуулт олон тавьсан. Хамгийн гол нь нийгэмд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байдаг. Үүнээс хамгийн сүүлчээс нь эхлэхэд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, Моргейжийн зээлтэй холбоотой асуудал байгаа. Засгийн газрын зүгээс хариулт ирүүлсэн. Моргейж гээд ярихад л цаад боломж нь ганц, хоёр орон сууц барих санхүүжилт байгаа мөртлөө бүхэл бүтэн 100 мянган айлыг орон сууцжуулах үйл ажиллагаа зохион байгуулж орон сууцны үнэ хөөрөгддөг тал дээр тавьсан асуулгад минь хариулт ирүүлсэн байна. Мөн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй талаар судалгаа, саналууд явуулсан байх жишээтэй.
-УИХ-ын энэ удаагийн бүрэн эрх дуусаж байна. Тэгэхээр танд боловсруулж амжаагүй, цаашид хийх шаардлагатай гэж бодож байгаа ямар хуулийн төсөл байна вэ?
-Олон хууль байгаа. Жагсаагаад үзтэл 14 хууль байна. Тухайлбал улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох хууль байна. Зорилтот татварын тухай хууль байна. Нийслэл дээр л гэхэд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд зорилтот татварын тогтолцоог нэвтрүүлэх шаардлага байгаа. Мөн өв залгамжлалын татварын асууудал байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шат шатны төлөвлөгөөт арга хэмжээг авах шаардлага бий. Энэ мэтчилэн олон асуудал байгаа.
-Ирэх сонгуульд гарч ирлээ гэхэд танд зорьж буй зүйл юу байна вэ?
-Нэгдүгээрт Ашигт малтмалын тухай хуулийг иж бүрэн шинэчилж батлуулна. Хоёрдугаарт, Улаанбаатар хот дахь гэр хорооллын дэд бүтцийн санхүүжилтийн тухай ойлголтыг эрхзүйн орчинд нь бүрэн шийдвэрлэх, гуравдугаарт улс төрд байгаа мөнгөний ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллана. Энэ гурван хуулийн төсөл бараг бэлэн болоод байгаа.
-Оросын мэдлийн орон сууцнуудын асуудал юу болсон бэ. Та энэ талаар нэлээд ярьдаг байсан?
-Анх намайг 2004 онд УИХ-д сонгогдож байхад Баянзүрх дүүрэгт байдаг таван байр, Дарханд байдаг хоёр байр, Төмөр замд байдаг нэг байр Монголын талд шилжих эсэх нь тодорхой бус байсан. Энэ бол 1971 онд хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт байдаг байр юм билээ. Газрыг нь үнэгүй, буцалтгүйгээр өгөөд Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр байр бариулсан байдаг. Ардчилал зах зээлийн харилцаа гээд 90-ээд оны үеэр манай иргэд орсон. Уг нь бол тусламжийн байр. Харин Оросын тал үүнийг бизнесийн зориулалтаар түрээсэлсэн.
Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуульд гадаадын байгууллагад үнэгүй түрээсгүй газар өгнө гэсэн асуудал байхгүй. Тэгээд ч 1993 онд 1971 оны дээрх хэлэлцээр хүчингүй болсон гэдэг нь батлагдсан. Энэ хүрээнд асуудал маргаан тасраагүй өнөө хүрсэн. Сүүлдээ хоёр орны Засгийн газрын түвшинд энэ байрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх шийдвэр гарсан. Одоо үүнийг хэрхэн шилжүүлэх талаар ажиллаж байгаа.