Д.Ганхуяг: Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татвараар 200 цэцэрлэг барьж болно
2012.05.29

Д.Ганхуяг: Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татвараар 200 цэцэрлэг барьж болно

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өчигдөр УИХ-ын даргад Онцгой албан татварын тухай хуулийн төсөл өргөн барилаа. Ингэснээр тэрээр хүн бүр сонгууль гэж гүйж байхад ганцаараа хуулийн төсөл өргөн барьж өөртөө нэмэх оноо цуглууллаа гэж үзэх тал байна. Ямартай ч түүний өргөн барьсан хуулийн төсөл дараагийн шинэ парламентын хэлэлцэх эхний халуухан асуудлын нэг болох шинжтэй. Хуулийн төсөл өргөн барьсны дараа түүнтэй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Та өргөн барьсан хуулийн төслөө тайлбарлаач. Чухам ямар төрлийн бутээгдэхүүнд онцгой албан татвар тогтоохоор туссан юм бэ?

-Нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварт өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм. 2009 онд дэлхийн зах зээлийн нефтийн бүтээгдэхүүний үнээс хамааруулан эл татварыг хэлбэлзүүлэх эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Өнөөдрийн байдлаар онцгой албан татвараа тэглэчихсэн байдалтай байна. Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрөгч нэгдүгээр сард вальют болон шатахууны үнэ нэгэн зэрэг өсөж, улс оронд хямрал авчирсан. Тухайн үед эл асуудлаар асар их судалгаа хийсэн. Тэр судалгаагаар Монголд нийлүүлэгдэж байгаа нэг тэрбум тонн гаруй шатахууны 60 орчим хувь нь дизелийн түлш байсан бол тэр дотроо 70 гаруй хувь нь бөөний худалдаагаар нийлүүлэгдэж байсан. Бөөнөөр худалдан авалтыг хийж байгаа газруудыг судлаад үзэхэд ихэнх нь уул уурхайн томоохон компаниуд байсан. Мөн Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болох Монголын төмөр зам, МИАТ зэрэг газрууд байсан. Тиймээс бөөний худалдаагаар шатахуун худалдан авч байгаа болон нийлүүлж буй ААН-үүдийг онцгой албан тушаалаас чөлөөлөх нь утгагүй юм. Энэ нь өөрөө зах зээлийнхээ ханшаар явах ёстой гэж үзсэн.

-Тэгвэл жижиглэнгээр худалдан авалт хийж байгаа иргэдэд үнийн дарамт болчих юм биш үү?

-Жижиглэнгийн үнэ онцгой албан татварын хөнгөлөлттэй явна. Тийм учраас жижиглэнгээр худалдаалагдах шатахуун дээр өрсөлдөөн үүс ч, үнэ тогтвортой байна. Харин бөөний худалдаа татвартай болсноор татвараа нэмээд манай шатахуун импортлогчид уул уурхайн компанидаа нийлүүлчих боломжтой байгаа.

-Энэ татварыг ногдуулдаг болсноор улсын төсөвт орох орлого хэр нэмэгдэх вэ?

-Жилдээ улсын төсөвт 100 орчим сая долларын орлого тогтвортой орох юм билээ. Энэ мөнгөөр бид 200 орчим километр зам, 200 орчим цэцэрлэг барьж байгуулах боломжтой. Тэгэхээр энэ бол Монгол Улсын нийтлэг эрх ашигт чухал нөлөөтэй.

-Дэлхийн зах зээлийн ханшийг дагаад дотоодын нефтийн бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Үүнийг Засгийн газарзохицуулах талаар хуульд туссан болов уу?

-Жижиглэнгийн үнэ дээр Засгийн газар зохицуулалт хийх боломж нь байгаа. Хямдхан, тогтвортойгоор үнийг барих бололцоо бий. Харин бөөний үнээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд дээр бол зах зээлийнхээ ханшийг дагаж явах юм.

-Одоо өргөн барьсан хуулийн төслийг хэзээ хэлэлцэх юм бэ?

-Энэ хуулийн төслийг шинэ УИХ байгуулагдангуут нэн яаралтай хэлэлцэх ёстой юм.

-Ер нь нефтийн Бүтээгдэхүүнийүнийгүндэслэлгүйгээр нэмчихдэгтохиолдол олон бий. Тэдэндямар нэг байдлаар аргахэмжээ авах зүйл туссан уу?

-Энэ асуудлыг Шударга өрсөлдөөний тухай хуулиар зохицуулна. Энэ хууль маань шинэчлэгдсэн шүү дээ. Дэлхийн жишигт бол давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн тоонд шатахуун импортлогчид, банкууд, өргөн хэрэглээний бараа нийлүүлдэг ААН хамаардаг. Тиймээс эдгээр дээр төрөөс зохицуулалтыг хийж өгсөн байдаг. Шударга өрсөлдөөний тухай хуулиар бол үгсэн хуйвалдсан тохиолдолд жилийн борлуулалтынх нь 3-6 хүртэлх хувийг хураах, хууль бусаар олсон орлогыг нь хураах зэрэг зохицуулалт бий. Дэлхийн түвшинд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас зүй ёсны монопол, томоохон ААН-үүд айж эмээдэг. Ийм жишгийг л Монгол Улсад тогтох ёстой гэж бодож явна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.