Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав
2024.12.20

Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга улсын төсвөөр баригдаж байгаа, ирэх оны 12-р сард ашиглалтад орно. 14-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрт илрүүлгийн оношлогооны төвийн барилгын ажлыг 2023 оноос эхлүүлж, энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 13-р хороонд Хайлааст салбар амбулаторийн барилга Цагаан сараар ашиглалтад орох юм байна. Гэвч дээрх барилгууд ашиглалтад ороход тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг онцлов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар "Ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төвийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдэж өгнө. Хамгийн түрүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн бодит тооцоо, шаардлагатай хүний нөөцийн жагсаалтыг гаргаж өгөх хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт хангалттай барилга байгууламж баригдаж байна. Гэтэл тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс зүгээр л барилга хүлээж авах нөхцөл үүссэн. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй байна. Ашиглалтад орох барилга, байгууламжтай зэрэгцээд тоног төхөөрөмж, хүний нөөцийн бодлогыг уялдуулах шаардлага байна” гэв.