Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2025.05.22

Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.05.22/ны өдрийн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн  Ж.Чинбүрэн илтгэлдээ 2000 онд батлагдсан Донорын тухай хуулийн хэрэглээ, цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний түүх, цусны донорын хөдөлгөөн, түүнийг идэвхжүүлэх, донорыг урамшуулах, алдаршуулах бодлого хэрэгжүүлж ирсэн талаар товч танилцуулаад, Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй буюу 24-45 насны донорын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар хоёр дахин буурахаар байгааг танилцуулсан юм. Энэ цонх үе дунджаар 20 орчим жил үргэлжлэх тул цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасалдуулахгүй байх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцолж, ажлын хэсгийн судалгаагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн орон нутаг дахь цусны салбар төвийн орон тоо, цалин хөлстэй холбоотой хүндрэл, хүний нөөцийн тогтворгүй байдал, чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн нь тогтоогдсон талаар мэдээлэв.

Цусны донорын тухай хуулийн төслийг найман бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд хууль батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цаашид хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэх, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, цусны донорын сургалт, сурталчилгаа, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага тэдний эрх үүрэг тодорхой болох, донорын нийгмийн халамж, алдаршуулах, урамшуулах явдал сайжирч, тэдний тоо нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна гэдгийг дурдав.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа