2025.05.01

Ц.Идэрбат: Цахим орчны асуудлыг хөндөхөөр хамгийн одоо тэнэг хүн болж хувирдаг, гэтэл засаж, залруулах олон асуудал энд бий

УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонслоо.

Уг илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Хүний эрхийн асуудал яригдахад цагдан хорих, өмгөөлөл, мөрдөн хорих анги гээд л яригддаг байсан бол, нийгмийн өөрчлөлттэй уялдуулаад шинэ, шинэ асуудал их орж ирдэг болсон. Цахим орчин дахь хүний эрхийн асуудал бол Монгол Улсын ХЭҮК-ын дүгнэлт дээр хүртэл гарч ирж байна: Өнгөрсөн 7 хоногт энэ цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг хөндөж ярьсан. Х.Булгантуяа гишүүний ярьдаг шиг, цахим орчны асуудлыг хөндөхөөр хамгийн одоо тэнэг хүн болж хувирсан. Гэтэл үүнийг энэ чуулганы танхимд ярихгүй, хэлэхгүй бол болохоо больсон байна. Үүн дээр холбогдох хуулиуд дээр яаралтай өөрчлөлт хийхгүй бол болохоо байлаа гэсэн ийм дүгнэлтийг хүний эрхийн комисс гаргасан байна. Хуулийн ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ.

Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байна. хүүхэд хамгааллын хууль дээр яг үнэндээ аргаа барахдаа л тэр заалтыг оруулсан шүү дээ. Ойр дотнынх нь хүмүүс гэрт нь ирж архи уудаг, согтуурдаг, тэгээд л одоо ийм үйлдлүүд хийдэг. Тийм учраас айлд согтуу архи барьж орж болохгүй гэсэн ийм л зүйлийг оруулсан. Бас сошиалаар л хэдэн тэнэг юмнууд, нэг хачин хууль баталлаа гээд л баахан юм болсон. Гэхдээ бид нар Их хурлын танхимд ялангуяа нийгэмд болохгүй байгаа асуудлыг ил гаргаж, ярьж засахын төлөө байгаа. Бусдаар ингээдхэлчихвэл "сошиалд нь алуулах болов уу" гээд сайн, сайхан юм яриад байж болохгүй.

Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг тусгасан хууль нь хэрэгжээд, холбогдох албан тушаалтнууд нь томилогдоод ажиллаж байгаа. Тодорхой хугацааны дараа энэ хуулийн хэрэгжилт баг, хороон дээр хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, хэрэгжилт нь ямар байгаа вэ гэдэг дээр үнэлэлт, дүгнэлт өгвөл арай өөр үр дүн гарах болов уу л гэж харж байна.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа