2025.05.01
Х.Булгантуяа: Хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг бүртгэлжүүлж, суллагдсаны дараа эргэн хянадаг хууль огт хэрэгжихгүй байна
УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонслоо.
Уг илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
Энэ удаагийн хүний эрхийн тайлан мэдээлэл бол дараа дараагийн хуулиудыг засах, хэрэгжилтийг сайжруулахад нэн чухал байдаг. Нэг асуудлыг онцолъё. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг. Та бүхний тайлан дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээлэл дээр сүүлийн 5 жилийн хугацаанд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэгтэй холбогдуулан 902 хүн ял шийтгүүлсэн. 152 хоригдол хугацаанаасаа өмнө суллагдсан. 7 хоригдол өвчний улмаас ялаас чөлөөлөгдсөн. 7 хоригдлыг Улсын Дээд шүүхээс цагаатгасан гэжээ. Энэ бол үнэхээр манай хуулийн тогтолцоо хүний эрхийн мэдрэмжгүй байгаагийн илрэл. Хууль зүйн сайд Б.Энхбаяр байхдаа ийм хэдэн хуулийн өөрчлөлтүүд хийсэн. Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулиар хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн наймааны ялын хугацааг уртасгасан. Тэнсэнг байхгүй болгосон. Өршөөлгүй болгосон. Хорих хугацаанаас нь өмнө суллахгүй болгосон. Хүчээр бэлгийн харилцаанд орохыг хүнд гэмт хэрэгт тооцдог болсон. 2024 онд 2-3 хүнийг өршөөлд хамруулсан гэжээ. Энэ хуультай зөрчилдөөд байгаа юм бишүү? гэдэг нэгдүгээр асуулт.
Хоёрдугаарт, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн гэмт хэрэгтэй уялдуудан хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг бүртгэлжүүлээд, АНУ-д олон нийтэд зарладаг. Шуудангийн хаягаа оруулаад миний эргэн тойронд бэлгийн хүчирхийлэл үйлдээд ял авсан хүмүүс хаана хаана оршин суудаг вэ гээд хаягаа бүртгүүлсэн байдаг. Олон нийтэд мэдээлдэггүй юм гэхэд хүүхэд хамгааллын тогтолцооны ажилтнуудад мэдээлдэг болгоё гэсэн хуулийн хэрэгжилт юу болсныг хүүхдийн асуудал хариуцсан сайдаас асууя. Сайд нь байхгүй байна УИХ-ын дарга аа. Сайд сууж баймаар байна. ХЭҮК-оос асууя даа.
Мөн Шүүх байгуулах тухай хууль дээр Б.Энхбаяр сайд Гэр бүлийн шүүхтэй болъё, гэр бүл, хүүхдийн асуудлыг шүүдэг шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулъя 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн ажиллуулахыг бид маш зөв гэж бодож байгаа. Тэгвэл анхан болон давтах дээр 40 хувийн ачааллыг бууруулна. Тусгайлсан хүүхэд хамгааллын өрөөтэй, тогтолцоотой, ажилтнуудтай болно гэсэн үг. Үүний бэлтгэл ажлыг та бүхэн харж үзэв үү? 2025 он дундаа орчихлоо.
Хүүхэд хамгааллын тухай хуулиар бид анх удаа цахим орчин дахь хүүхдийн эрхийг хуульчилсан, хүүхдийн үл хайхралтыг хуульчилсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой процесс дээр бид хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилсан. Гэтэл холбогдох журмыг нь ГБХНХЯ, УЕП, ШЕЗ хамтран батална гээд одоо болтол батлаагүй. Энэ бол хууль хэрэгждэггүйн том, тод жишээ. Харин эсрэгээрээ анхан шатан дээр ажилладаг 833 нийгмийн ажилтнаа авах ажлаа хийчихсэн юм шиг байна. Төсвөө бол нэмэгдүүлсэн шиг байна. Хууль батлахаар иргэдийн эрхийг хамгаалах юм нь явахгүй, бүтэц орон тоогоо нэмэх ажил нь түрүүлж яваад байдгийн том жишээ.
Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гол газрын 70 хувь нь гэр орондоо. Аюулгүй байдал нь хангагдаж, асран хамгаалагдах гэр орондоо.Үүний хойно дандаа л архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн байна. Бид Хүүхэд хамгааллын хуулин дээр Та хүүхэдтэй айлд архи согтууруулах ундаа хэрэглээд, дараа нь хүүхдийн эрх зөрчигдвөл хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсгэсэн гээд Зөрчлийн хуулиар шийтгэхээр хуульчилсан. Энэ хууль 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэхэд сошиал даяар Х.Булгантуяа архи уувал гэртээ харьж болохгүй гэдэг хууль баталлаа гэж баахан сэвсэн. Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалах ёстой байгууллагууд маань орон тоо, төсөв дээрээ санаа зовох бус энэ хуулийнхаа хэрэгжилтийг олон нийтэд хүргэх дээрээ санаа зовох ёстой баймаар.
Түүний асуултад ХЭҮК-ын төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн