Л.Гантөмөр: Цаашид шинэ дэвшилтэт технологи, хиймэл оюуныг нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн төвтэй үйлчилгээг бий болгоно
2025.04.28

Л.Гантөмөр: Цаашид шинэ дэвшилтэт технологи, хиймэл оюуныг нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн төвтэй үйлчилгээг бий болгоно

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, бүсийн аймаг, сумдын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцож, бүсийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцож байна.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,

Эрхэм хүндэт Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ, Эрхэм хүндэт Хойд бүсийн зөвлөлийн дарга, гишүүд, зочид, төлөөлөгчид өө, Хойд бүсийн хөгжил дэвшил, байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хүн бүхэнд гүн талархал илэрхийлье. Мөн энэ арга хэмжээг зохион байгуулсан, оролцсон бүх талуудад талархаж, амжилт ерөөе!

Та бүхэнд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд хийж буй Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд хүрэлцэн ирж бүсийн онцлог, нөөц боломжид тулгуурлан цаашдын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, иргэд олон нийт, төр хувийн хэвшил, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэгш, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зэрэг хөгжлийн асуудлыг хэлэлцэн санаа бодлоо хуваалцаж буйд талархлаа илэрхийлье. Монголчууд эрт цагаас эхлэн жилийн дөрвөн улиралд нүүдэллэн, байгальтайгаа зохицон амьдарч, нүүдлийн ахуй соёлоо авч үлдэж ирсэн ард түмэн. Хэдийгээр энэхүү өв соёл нь бидний бахархал, онцлог боловч өнөөгийн хөгжлийн шинэ нөхцөлд, аймаг орон нутаг өөрсдийн хөгжлийг бие даан тодорхойлоход хүний нөөц, нийгмийн болон эдийн засгийн дэд бүтэц, алслагдмал байршил зэрэг хөгжлийн хүчин зүйлс хязгаарлагдмал хэвээр байна.

Үүний улмаас иргэд илүү боловсронгуй орчин, өргөн боломж эрэлхийлэн хот, суурин газар руу шилжин суурьших нь нэмэгдсээр, хүн амын хэт төвлөрөл, нутаг дэвсгэрийн тэгш бус хөгжил бодит сорилт болсоор байна. Монгол Улс газар нутгийн уудам орон зай, газрын доорх баялаг, байгалийн өвөрмөц тогтоц, аялал жуулчлалын үнэ цэнтэй дурсгалууд, хөдөө аж ахуйн түүхий эдийн арвин нөөц, монгол хүний оюуны чадавх зэргээр хөгжлийн олон талт боломжийг агуулсан орон юм. Эдгээр нөөцийг үр ашигтай, оновчтой төлөвлөн ашиглахын тулд бүс нутаг бүрийн онцлог, давуу талыг харгалзан, нөөц баялгийн зохистой хуваарилалт хийх, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, тэгш хүртээмжтэй болгох шаардлагатай. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон нь Монгол орны газар зүйн байрлал, бүс нутгийн хөгжлийн ялгаа зэргийг харгалзан, судалгаа, шинжилгээний үндсэн дээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулсан юм. Дэлхийн эдийн засаг тогтворгүй, эрсдэл өндөр, түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байгаа энэ үед бид хүлээлтийн байр суурь барих бус, урьдчилан тооцоолсон, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, ялангуяа бүс нутгийн онцлогт тулгуурласан, тэнцвэртэй хөгжилд анхаарлаа хандуулах нь илүү чухал юм. Хойд бүс нь аж үйлдвэрийн цогцолбор, хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор, аялал жуулчлал, боомт, худалдааны сүлжээ болгон хөгжүүлэх боломжтой бүс нутаг. Аж үйлдвэрлэл, худалдааны салбар ч өсөлттэй байж, тус бүсийн аж үйлдвэрлэлийн борлуулалт 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь бүс нутгийн үйлдвэрлэлийн хэмжээ өндөр байгааг илтгэж байна. Үүнээс харахад Хойд бүс бол аялал жуулчлал, аж үйлдвэрлэл чиглэлээр хөгжүүлж эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой бүс нутаг юм. Бид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмалыг хайлуулж, боловсруулах үйлдвэрийг байгуулж экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч холбогдох ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Бүсчилсэн хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийн эрх чөлөөг цогцлоон, бизнесийн орчны реформыг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ. Татвар, санхүүгийн тогтолцоо, тээвэр, логистик, эрчим хүч, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Цаашид, шинэ дэвшилтэт технологи, хиймэл оюуныг бүх шатанд нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн төвтэй үйлчилгээг бий болгоно.

Нэгдүгээрт, Хүний хөгжлийн бодлогын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлж, “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан, хүн бүрд саадгүй, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг хамгаалах, дэмжих бодлогыг хэрэгжүүлж, ядуурал, тэгш бус байдлыг бодитой бууруулж, чинээлэг, баялагтаа эзэн, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ. “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ирээдүйд хөрөнгө оруулалт хийх, эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, Эдийн засгийн бодлогын хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлооно. Шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогоор дэмжиж, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангана. Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн эзлэх хувийг нэмэгдүүлснээр ДНБ-д хиймэл оюуны хувь нэмрийг бодитойгоор өсгөж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангана.

Гуравдугаарт, Дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлд Хойд бүсэд Хүнд аж үйлдвэрийн цогцолбор, Хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор, Аялал жуулчлал, Боомт, худалдааны сүлжээний чиглэлээр хөгжих зураглалыг боловсруулсан. Бүсийн байгаль, газарзүйн онцлогийг харгалзан хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Хөвсгөл нуурын экосистемийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалын тусгай бүсийг байгуулахаар зорьж байна. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Хөвсгөл, Булган аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулж, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлдэнэ. Бүсийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгож, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ. Бүс нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг дэмжих зорилгоор Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон өргөтгөх, цаг уурын допплерын радарын станц байгуулах, Орхон аймагт зэс боловсруулах, металлурги-химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, Мөрөн хотод байрлах радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон радио технологид шилжүүлэх, Мөрөн хотод бүсийн дата төв байгуулах, Булган аймгийн Эгийн голд эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр 310 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Дэд бүтэц шийдэгдэж байж л бүтээн байгуулалт өрнөж, улмаар иргэд, бизнесүүд тогтвортой орлого олох үйл ажиллагаа явуулах орчин бүрдэнэ гэж үзэж онцгой анхаарч байгаа болно.

Дөрөвдүгээрт, Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд Аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хөвсгөл нуурын экосистемийн нөөцөд түшиглэсэн аялал, жуулчлалын тусгай бүсийг байгуулж, уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлэхээр зорьж байна.
Мөн төр, засаг нь ард иргэд, бизнес эрхлэгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд иргэд олон нийт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, Та бидний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэе.

“Төрийн сүлд тэнгэрт мандсан,
Түмэн олны заяа гийсэн
Мөнх хөх тэнгэрийн дор
Монгол орны хөгжил дэвшил
Мөрөөдөл биш бодит байг.”

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан