Зам тээврийн сайд Япон Улсын Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
2025.03.19

Зам тээврийн сайд Япон Улсын Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.03.19) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын одоогийн үйл ажиллагаа болон цаашид нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмж, өргөтгөл хийх, ингэхдээ аялал жуулчлал хөгжиж буй өнөө үед 20 жилийн дараах зорчигч, ачаа тээврийн хэмжээ, хэтийн төлвийг тусгах, төслийн ТЭЗҮ боловсруулах хугацааг наашлуулах тухай асуудлаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийг Япон улсын хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр бариулах хүсэлтэй байгаа учир Япон талаас нисэх буудлын өргөтгөлийг хот төлөвлөлт, хүн ам, дэд бүтэц, дагуул хотын хөгжилтэй уялдуулан барих, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд Зам, тээврийн яамнаас тавьж буй саналыг тусгах, шинэ нисэх онгоцны буудлыг зорчигч, ачаа үйлчилгээний цогц төв болгон хөгжүүлэх, ашиглалтын зардлыг харилцан ашигтай, үр дүнтэй байлгах тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсаас Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод Нарны гүүр, Япон-Монголын эмнэлэг, Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийснээс гадна Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байдагт Монголын төр, ард түмэн ямагт талархаж явдаг гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Элчин сайд Элчин сайд Игавахара Масарү цаг зав гарган хүлээн авч уулзан элэгсэг дотноор ярилцсан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа онцоллоо. Уулзалтын төгсгөлд талууд цаашид зам тээврийн салбарт улам идэвхтэй, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.