Х.Тэмүүжин: Хуулинд буруу хэрэглэсэн нэр томьёоны улмаас хүн хохирч болохгүй
2025.03.14

Х.Тэмүүжин: Хуулинд буруу хэрэглэсэн нэр томьёоны улмаас хүн хохирч болохгүй

Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хороо, Прокурорын хороо, Шүүгчдийн хороо, Өмгөөлөгчдийн хороо хамтран “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцсон юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хуулийн төслийн танилцуулга буюу эрүүгийн хариуцлага ял албадлагын арга хэмжээ болгох, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжийг өөрчлөх талаар онцолсон юм. Танилцуулгын эхэнд манай улсын хууль тогтоомж, судлаач, эрдэмтдийн санал шүүмж их ерөнхий байдаг. Тухайлсан нэг цэг дээр баримттай үндэслэлтэй гаргаж ирэх явдал дутмаг байгаа учраас асуудлын гүн рүү орохгүй байгааг дурдсан юм. Эрүүгийн хуулинд оруулж буй түүний саналууд судалгаатай, ОУ-ын хүний эрхэд суурилсан сайн жишигтэй харьцуулсан, оновчгүй нэр томьеоноос болоод хүн хохирч болохгүй явдлыг яаралтай засаж залруулах шаардлагатай байгааг илтгэж байлаа. Ингээд эрүүгийн хуулинд оруулах үндсэн 5 нэмэлт өөрчлөлтийг дэлгэрүүлэн хүргэе. 

1. Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээ тараах зүйл дээр тайлбар нэмсэн. Хуучин хууль дээрх Гүтгэх гэмт хэрэг гэдэг нь өргөжөөд одоогийн Худал мэдээ тараах заалтыг төрийн байгууллагууд  ашиглаад өөрсдийн ажил хэргийн үнэлгээг хамгаалж буй явдлыг зогсоох шаардлагатай. ОУ-д Худал мэдээ тараах гэдэг нь хувь хүний нэр төр албан тушаалын асуудал биш тухайн мэдээлэл худал гэдэг нь батлагдаад, улмаар нийгэмд хүчирхийлэл өдөөгдсөн, талцан хуваагдсан гэх мэт үр дагавар гарсан бол гэмт хэрэг гэж үздэг. Мөн төр эрүүгийн хуульд заасан хуулийн этгээдийн эрх бүхий субьект биш. Тиймээс гүтгүүлэх гэмт хэргийн хохирогч төр байх боломжгүй. Бусад орны жишигт төр хувь иргэнтэй шүүгдэх бол өмнө нь тайлбар хийх үүрэгтэй. Одоо хуулийн энэ заалтад нэмэлт заалт оруулахгүй бол бид 1992 онд олж авсан Үндсэн хуулийн үзэл санаа эвдэрч эхэлж байна.

2. Хянан шийдвэрлэх, шалган шийдвэрлэх ажиллагаа нь иргэний болоод захиргааны хэрэг дээр гэмт хэрэг болохгүй эрүүгийн хэрэг дээр болно гэсэн ялгаа байх боломжгүй. Энэ процесийн үйл ажиллагааг нэг стандарт руу оруулах нь чухал. Хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг таслан зогсоож, хязгаарлаж чаддаггүй улсын шүүх шударга ажиллаж чадахгүй нь ойлгомжтой. Хуульгүйгээр гэмт хэргийг илрүүлдэг байх нь өөрөө гэмт хэрэг.

3. Нийгэмд аюултай шинж чанарын тухай ойлголт хуулинд байж болох ч эрүүгийн хуулинд байж болохгүй. Хэн нэгнийг шийтгэхдээ нийгмийн аюул гэх хэмжигдэхгүй, барьцгүй субьектив ойлголтоо хүнийг шийтгэж болохгүй. Дарангуйлагч улсууд энэ ойлголтыг хэрэглэдэг. Бусад улс орнууд нийтийн, олон нийтийн гэсэн хүнд хамаатай, хүмүүст хамаатай хэмжигдэхүйц ойлголтыг хэрэглэдэг. Нийгмийн аюул гэж бичиж болохгүй. Харин Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах гэж бичиж болно. Учир нь хэмжигдэх боломжтой. Энэ ойлголт хуулийн хэд хэдэн зүйл заалт дээр бий. Жишээ нь: 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчим хэсэгт субьектив шалгуураар буюу нийгмийн аюулын шинж чанартай гэмт хэрэг үйлдлээ гэж үзээд хүнд ял оноож болохгүй. 2.1 дүгээр зүйлд заасан Гэмт хэргийн ойлголт, шинж хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Гэтэл хулийн тусгай ангид нийгэмд аюултай гэсэн ойлголтод хамаарахгүй зөндөө хэргүүд бий. Ингээд заачихвал тэдгээр хэргүүд нь гэмт хэрэг биш болно.
Мөн манай цагдаагийн байгууллага БНЧУ-ын цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахад ойлголтын ялгаа гарч байна. Тэд цагдаагийн байгууллагын нэр томьёонд Нийтийн хэв журам сахиулах гэж зааж өгсөн бол манай улсад нийгмийн хэв журам сахиулах гэж ашиглаж байна. Нийгмийн хэв журам сахиулах, Үндсэн хуулийн дэг журам сахиулах тухай Үндсэн хуулин дээр бий. Гэвч эрүүгийн хуулин дээр байх нь аюултай. 

4. Мөн Эрүүгийн хариуцлагын тухай асуудал бий. Хуульд заасаар Эрүүгийн хариуцлагыг ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж тодорхойлсон байдаг. Гэтэл бусад 44 хуулинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй мэт болсон. Гэтэл албадлагын арга хэмжээ хүлээсэн бол эрүүгийн хариуцлага хүлээсэн болчихож байгаа юм. Эрүүгийн хариуцлага хүлээсэн бол ажилд авахгүй, сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй гэсэн олон үр дагаврууд бий болж байна. Бусад орны жишигт хэрэв ял хүлээсэн тохиолдолд ажилд авахгүй гэж шаардлагадаа тусгасан байдаг. Бид мөн энэ өөрчлөлтийг хийх ёстой гэж үзсэн. 

5. Эрүүгийн хуулийн 21. Мөрдөх шалгах ажиллагааны нууцийг задруулсан бол гэмт хэрэгтэй болох тухай асуудал. Мөрдөх шалгах ажиллагааны явцын мэдээллийг задруулах, мөрдөх шалгах ажиллагааны явцад нууцалсан мэдээллийг задруулах хоёрын хооронд ялгаа бий. Мөрдөн шалгах ажиллагааны баримт мэдээллийг олж авахдаа шүүгч прокуроороос зөвшөөрөл аваад мэдээлэл хийдэг жишиг дэлхийд байхгүй. Үүнийг хүн бүрт хамааруулж шийтгэх боломжгүй. Энэ зүйл заалт нь хууль сахиулагч, албан тушаалтан, хууль зүйн сайд ч орж болох мэргэжлийн байгууллагын ажилчид мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг задруулсан эсэх асуудалтай холбогдоно.. Гэвч хуульд тусгасан шүүгч өмгөөлөгч 2 нь бас орж болохгүй. Харин шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч мөрдөн шагах ажиллагааны нууцыг олж авч, нууцалсан баримт, гэрчийг илчилж саад хийсэн бол гэмт хэрэг гэж үзээд яллана. Энэ хэсгийг залруулах ёстой гэжээ.