Ж.Золжаргал: Хилийн чанад дахь Монголчууд сонгох эрхээ цахимаар эдлэх ёстой
Дэлхийн өнцөг булан бүрт 220 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдгээр хүмүүс хэдэн их наядаар тоологдох мөнгийг эх орондоо төвлөрүүлж соёл, бизнесийн гүүр болж байгаа. Гэсэн хэр нь Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхээ эдэлж чадаагүй өдийг хүрсэн нь нууц биш.
Цахимжилт, технологийн хурдтай хөгжил нь дэлхийн хаана байгаагаас үл хамааран сонгуульд саналаа өгч, төр улсаа төвхнүүлэхэд шууд оролцох боломжийг олгож байна. Тэгвэл гагцхүү бид үүнийг хэрхэн ашиглах арга замыг зоригтой эрэлхийлэх цаг нь ирсэн.
Нэг ёсондоо, Монголчууд бидний хувьд хүн ам цөөн боловч өргөн уудам газар нутагт тархан суурьшсан, иргэдийн 70% нь залуучууд, хилийн чанадад багагүй иргэд оршин суугаа зэргийг харгалзан үзвэл цахимаар сонгууль явуулах шаардлага байгаа нь харагдаж байна.
Тухайн улсын аль нэг хотоос дипломат төлөөлөгчийн газар руугаа машин бариад хэдэн зуун км яваад сонгуульд саналаа өгөх нь цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардах нь мэдээж.
2024 онд санал өгөх насны гадаадад бУЙ иргэдийн ердөө 7% саналаа өгсөн байна. Дэлхийд цахим байдлаар санал өгдөг 17, баталгаат шуудангаар саналаа өгдөг 55 улс байна.
Энэ хүрээнд Инновац, цахим бодлогын байнгын хороо хилийн чанад дахь Монгол иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очироор ахлуулан байгуулжээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
"Цахимаар сонгуульд санал өгөхтэй холбоотой гол эрсдэл нь бусдын цахим саналд хөндлөнгөөс нөлөөлөх, илгээсэн мэдээлэл нь дайралтад өртөөд үр дүн нь өөр гарах гэсэн хоёр том эрсдэл бий. Тэгэхээр хүнээс хамаардаггүй янз бүрийн технологийн шийдлүүдийг ашиглах нь зүйтэй. Жишээ нь, Эстони улс та хэд хоногийн туршид хэдэн ч удаа саналаа өгч болно гэдэг. Тэгээд хамгийн сүүлд өгснөөр нь тооцдог. Мөнгө өгч, дарамталж байгаад сонголт хийлгэчихсэн бол дараа нь дахиад өгч болно гэсэн үг. Мөн мэдээллийн аюулгүй байдал, кибер талаасаа хамгаалах арга хэрэгслүүдийг нухацтай судалж нэвтрүүлэх шаардлагатай.
Цахимаар сонгууль өгөх арга хэрэгслийг нэвтрүүлэх нь зөвхөн гадаадад байгаа иргэдийн сонгох эрхийг хангаад зогсохгүй цаашид ажил амьдралын шаардлагаар эх орныхоо өнцөг булан бүрд яваа иргэд оршин суугаа хаягийн бүртгэл хамаарахгүй санал өгөх боломжийг олгох юм. Ингэснээр сонгуулийн ирц, залуучуудын идэвх оролцоонд ч эергээр нөлөөлнө" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан