Нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг “Цахим дэлгүүр”-ээс худалдан авна
2025.03.09

Нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг “Цахим дэлгүүр”-ээс худалдан авна

Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийн танилцуулав.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Нийслэлийн Засаг даргын I орлогч Т.Даваадалай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг танилцуулав.

Томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд тендер сонгон шалгаруулалтаас эхлээд одоогийн эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа бөгөөд эхний ээлжид найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль, Газрын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатайг тодотголоо.

"Зураг төсөл” гэх тодорхойлолтыг Барилгын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль зэрэгт өөр өөрөөр тусгасан.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мега төслүүдийн гэрээний сонгон шалгаруулалтын үе шат,  гэрээний нөхцөл болоод тендер зохион байгуулалтын зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, худалдан авалтын үр өгөөжийг дээшлүүлнэ. 

Нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг  “Цахим дэлгүүр”-ээс худалдан авах, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн бүлэг зохицуулалтыг тусгажээ. 

Мөн “зураг төсөл” гэх тодорхойлолтыг Барилгын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль зэрэгт өөр өөрөөр тусгасан, Төсвийн тухай хуульд “зураг төсөв” гэж заасан нь салбар хоорондын уялдааг хангадаггүй аж.

Иймд Барилгын тухай хуулийн 4.1.30 дахь заалтыг өөрчилж, ТЭЗҮ-г урьдчилсан болон  нарийвчилсан гэх зэргээр тодотгох хэрэгтэйг танилцуулав.

Ерөнхий сайд “Сангийн яам, нийслэл болон холбогдох байгууллагууд зарчмаа нэгтгэсэн байна. Одоо улс төрийн намуудын саналыг тусгах, Улаанбаатар хотын худалдааны танхим хариуцаад хэвийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Харин улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий мега төслүүдийг УИХ-д  танилцуулж, нээлттэй болгох нь зүйтэй” гэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулж байгуулахаар тогтлоо.