Мэндчилгээ
2024.04.27
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Мэндчилгээ

Агаар мандал, байгалийн хувирал өөрчлөлтийг хэмжиж, судлан шинжилж, улс орон, ард иргэдээ мэдээ мэдээллээр хангадаг онцгой үүрэгтэй ус цаг уурын шинжилгээний алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Дэлхийн уур амьсгал бидний тооцоолж, төсөөлж байснаас хавьгүй хурдтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр улс орнууд цаг уурын өөрчлөлт бодитой эсэх тухай ярихаа больсон. Харин түүнд хэрхэн дасан зорхицох, хэр хурдтай хариу арга хэмжээ авах чадавхитайгаа хэлэлцдэг болсон. Цаг уурын өөрчлөлт бол байгалийн гамшигт үзэгдлийн давтамж төдий биш. Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний хангамж, эрүүл мэнд, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал гээд өргөн хүрээг хамаарах улс гүрэн бүрийн нэн тулгамдсан асуудал юм. Цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг удирдах тогтолцоо бүрдээгүй цагт тогтвортой хөгжлийн аль ч зорилт хэрэгжих боломжгүй. Энэ хэрээр ус цаг уурын байгууллага, тэнд ажиллагсдын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, байр суурь шинэчлэгдэн тодорхойлогдсоор байна.
Нэгэн зууны түүхийг бүтээсэн та бүхний хөдөлмөр зүтгэлийн үрээр байгалийн гамшигт үзэгдлийг эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоо эрс сайжирсан.

Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа үе үеийн цаг уурч, гадаргын ус судлаач, орчны хяналт шинжилгээний салбарын бүх ажилтан, албан хаагчид Та бүхэндээ түүхт 100-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Ус, цаг агаар, уур амьсгал, орчны аюул гамшгаас ард иргэд, нийгмээ хамгаалах ариун үйлст нь улам их амжилт хүсье.
Эх орон, цэнхэр гариг минь амар амгалан байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН

ШИНЭ МЭДЭЭ