МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно
2024.03.13
Эдийн засаг, Худалдаа

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Тодруулбал Сангийн сайд Б.Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз, Европын хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Тереса Червинска нар хэлэлцээрт гарын үсэг зурав.

Энэ хөтөлбөрийн эхний санхүүжилт нь 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжаас бүрдэнэ. Аймаг сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтаар аймаг, сумдын төвийн дэд бүтцийг шинэчилнэ.

Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууц барих, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үерээс хамгаалах байгууламжийг барина. Аймаг сумдын борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулж, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн орон нутгийн ХАА-н болон бусад бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн, тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдын бүлгэмийг дэмжих юм.

Хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын үр дүнд ойролцоогоор  160 мянган ажлын байр шинээр бий болж, урт хугацаандаа 29 сая га газрын бэлчээр нутгийг сэргээн хамгаалж, 40 жилийн хугацаанд ялгарах 126 сая тонн хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсооно гэж Сангийн яамнаас мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ