Макаотой эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.02.28
Гадаад харилцаа

Макаотой эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна. Б.Энхбаяр сайд Макаогийн Захиргаа, хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Андрей Чеонг Вэн Чон нар Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зуржээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотой 2014 онд Хүн худалдаалахтай тэмцэх талаар хамтран ажиллах тухай, 2017 онд Ялтан шилжүүлэх тухай, 2019 онд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээрийг тус тус байгуулж байжээ. Харин одоо дээрх хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын хуулийн байгууллагууд хоорондоо шууд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх суурь гэрээнүүд бүрэн гүйцэд байгуулагдаж байна.

"Засгийн газраас “5Ш” ажиллагааныхаа хүрээнд улс орнуудтай хамтарсан хоёр талын ялтан солилцох, мэдээлэл солилцох, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг байгуулж байгаа. Монгол Улсын иргэдийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод зорчих хөдөлгөөн сүүлийн үед нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад хэрэг төвөгт холбогдох асуудлууд гарч байна. Өнөөдрийн энэхүү хэлэлцээр байгуулснаар хоёр орны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох хурд нэмэгдэж тэр хэрээр иргэн аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тулгардаг иргэний маргааны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм” гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэллээ.

Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай, 36 хоёр талт олон улсын гэрээ байгуулсан бөгөөд үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ юм байна.

ШИНЭ МЭДЭЭ