Монголд урьд нь хийх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлагыг тодорхойлох шинжилгээг хийдэг болжээ
2024.02.20
Хууль, эрх зүй

Монголд урьд нь хийх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлагыг тодорхойлох шинжилгээг хийдэг болжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа.

Шүүх шинжилгээ нь  аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм.

ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан  ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо. 

Тухайлбал, химийн шинжилгээний лабораторид Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биоматериалаас ахуйн хэрэглээний хийг (газ) илрүүлж, хордсон эсэхийг тогтоох, мөн биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох болон шинээр бүртгэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг химийн шинжилгээгээр нарийвчлан тогтоосноор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” заалтад тусгагдсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг нотлон тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ.

Монгол Улсын хилээр хорт бодис, хуурамч эмийг ихээр нэвтрүүлэх гэмт хэрэг нэмэгдэж Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж байна. Манай улсад эмийн шинжилгээ хийдэг лаборатори цөөн байдаг тул цаашид тус химийн шинжилгээний лабораторид эмийн бодисын найрлага тодорхойлох, хуурамч эмийг олж илрүүлэх, биологийн дээжээс хорт бодис илрүүлэх зэрэг шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

ШИНЭ МЭДЭЭ