2023.12.14
Эрүүл мэнд

Ж.Батжаргал: Нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр үнэлгээ хийдэг иж бүрэн тогтолцоо хэрэгтэй!

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль орж ирж байна. Энэ бол гол хууль. Гэхдээ бид аливааг углуургаар нь хармаар байна. Иргэдийнхээ эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих цогц зохицуулалтын тухай ойлголт энд яригдах ёстой. Гэтэл, бидэнд хоёр том тогтолцоо байна. Үүнд, Эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын тогтолцоо. Энэ хоёр дээрээ суурилах шаардлагатай. Сумын эрүүл мэндийн төвүүд ямар тогтолцоотой байх юм. Боловсролын СӨБ, ЕБС-ын хөтөлбөр дотроо хүүхдүүд эрүүл мэндийн боловсролоо олж авдаг, Эрүүл, аж төрөх зан үйлд төлөвших, бие бялдрын хөгжил гэсэн асуудал үүнд хэрхэн орж байна. Мөн түүнийг нь үнэлдэг үнэлэмжийн тухай асуудал яригдана. Тэгэхээр хүний нас, хүйсийн онцлогт нийцсэн нормативүүд байх шаардлагатай.

Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд байгаа орчныг анхаарах ёстой. Өвчнөөр болон орчноор нь дамжуулан судалгаа хийж чаддаг тогтолцоо баймаар байна. Үүн дээр нь тулгуурлаад бодлого хөрөнгийн асуудал бидэнд нэн чухал. Усны асуудлаас болоод олон хүний эрх зөрчигдөж байна. Тухайн орон нутгийн усны агууламжаас нь хамаараад хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байгаа олон асуудал байна. Ундны усны стандартад усыг нийцүүлэх талаар бид юу хийх ёстой вэ. Нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр үнэлгээ хийдэг иж бүрэн тогтолцоо хэрэгтэй. Түүн дээр тулгуурлаад төсөв хөрөнгөө гаргаж чаддаг байх нь тус хуулийн амин сүнс юм.

 Түүний асуултад, НББХ-ны дарга П.Анужин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ