2023.12.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“МОНГОЛ УР ЧАДВАР 2023” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 47 ДАХЬ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛНӨ
“Монгол ур чадвар 2023” тэмцээн энэ сарын 11-нд CNC токарь мэргэжлийн үндэсний ялагч тодруулах сүүлийн шатны шалгаруулалтаар эхэллээ.
CNC токарь мэргэжлийн 3 дахь шатны тэмцээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т амжилттай зохион байгуулагдсан. Уг төрлийн сүүлийн шатанд Налайх дүүрэг дэх Политехник коллежийн оролцогч Б.Эрдэнэбилэг, Барилгын Политехник коллежийн А.Нямбаяр нар өрсөлдсөн бөгөөд үндэсний ялагчаар А.Нямбаяр шалгарч 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсад болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болов.
Харин “Монгол ур чадвар 2023” тэмцээний гагнуурын мэргэжлийн сүүлийн шатны тэмцээн нийслэл хотноо Техник Технологийн Политехник Коллеж дээр зохион байгуулагдаж байна. Гуравдугаар шатанд Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оролцогч Б.Чухал, Герман-Монголын МСҮТ-ийн оролцогч Г.Отгонцэцэг нар шалгаран өрсөлдөж байгаа.
Гурван үе шаттай явагдаж байгаа “Монгол ур чадвар 2023” тэмцээн нь гагнуур, мужаан, сантехник, өрөг угсрагч, тогооч, цахилгаан, график дизайн, CNC токарь гэсэн найман мэргэжлээр шилдгүүдээ тодруулах юм.