“Гэр” төслийн хүрээнд хоёр иргэнд өргөө цагаан гэр гардуулав
2023.10.18
Орон нутгийн хөгжил

“Гэр” төслийн хүрээнд хоёр иргэнд өргөө цагаан гэр гардуулав

Төв аймгийн Эрдэнэ сумын малчдын чуулга, уулзалтын хүрээнд сумын Засаг дарга А.Мөнгөнбаярын санаачлагаар “Гэр” төслийг хэрэгжүүлэн 2 иргэнд өргөө цагаан гэр олголоо.

Тухайн гэрийг Эрдэнэ сумын “Зүүн ботгонт хоршоо” үйлдвэрлэн, гэрийн эсгийг сумын “Батцагаан эсгий хоршоо” хийж, хоршоод хамтран сум, орон нутагтаа иж бүрэн гэр үйлдвэрлэж байна.

Сүүлийн жилүүдэд аймгаас хоршооллыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсний үр дүнд сумдын хоршоодын чадамж сайжирч, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэн, тогтвортой ажиллах боломж нөхцөл бүрдэж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Мөн ноос хяргах цахилгаан хайч болон хонь угаах явуулын төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төхөөрөмжийг Шинэ хөдөө Төв аймаг төслийн хүрээнд аймгийн Засаг дарга шийдвэрлэж, Эрдэнэ сум дахь Мэргэжлийн боловсролын сургууль (МСҮТ)-ыг түшиглэн “АСК-Эрдэнэ” хоршоо, Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэн, сургагч багш нарыг бэлтгэн ажиллаж байна.

Нэг хонины ноосыг хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 1-2 минутад хяргаж байгаа нь цаг хугацааг хэмнэж, мал аж ахуйн салбарт механикжуулалтыг нэвтрүүлэн, малчдын хөдөлмөрийг хөнгөвчилөх зэрэг олон давуу талтай юм.

ШИНЭ МЭДЭЭ