Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын нарны цахилгаан станцтай танилцав
2023.09.28
Орон нутгийн хөгжил

Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын нарны цахилгаан станцтай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав.

Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно.

Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам баригдана.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана гэж туссан.

Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ