МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Үлэмжийн чанар” дуун бүтээлийн хөшөө Дундговь аймгийн Адаацаг сум “Сүм хөх бүрд”-д цогцоллоо
2023.09.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Үлэмжийн чанар” дуун бүтээлийн хөшөө Дундговь аймгийн Адаацаг сум “Сүм хөх бүрд”-д цогцоллоо

"1846 он.14-р жарны Улаан морин жил Сүм хөх бүрдийн газраа Саран хөхөө намтар дэглэх бүтээл болвай"

Ноён Хутагт Данзанравжаагийн цадигаас…

Ийнхүү намтар түүх өгүүлсэн Дорнын их соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дуун бүтээлийн хөшөө Дундговь аймгийн Адаацаг сум “Сүм хөх бүрд”-д цогцоллоо.

Ноён хутагт Данзанравжаа нь 1803 онд Түшээт хан аймгийн говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт мэндэлсэн. Тэрбээр өөрийн авьяас билгээрээ олонд танигдаж 7 настайдаа Говийн ноён Хутагтын V дүрээр тодорсон байдаг. Ноён хутагт Данзанравжаа говь нутагт эрдэм соёлыг дэлгэрүүлж, Монголын анхны сургууль “Хүүхдийн дацан”, анхны музей “Гиваадин Равжаалин”, анхны театр “Саран хөхөөний намтар дуулах дацан”, “Бүтээлийн цагаан сүм”-ийг барьж байгуулсан талаар түүний намтар, уран бүтээлд тэмдэглэжээ.

Барьж байгуулсан сүм хийд, уран бүтээл нь 200 гаруй жилийн турш дуулагдаж, үг сургааль нь өвлөгдөж, ном зохиол нь хадгалагдан уламжлагдаж буй Дорноговь аймагт Хамарын хийд, Өмнөговь аймагт Дэмчигийн хийд, Дундговь аймагт байгаль, түүх,шашны дурсгалт газар болох говийн бүрд “Сүх хөх бүрд”-д “Саран хөхөө” намтарт бүтээлээ дэглэн тоглуулах бүтээл хийж байсан тухай намар цадигтаа дурдсан нь эдүгээ тодлон үлдэж тодрон гийсээр байна.

Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоолын хүрээнд Соёлын яамны санаачилга дэмжлэгээр Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн хүүхэд багачуудын дунд ноён хутагтын уран бүтээлийг таниулах, өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадам “Сүм хөх бүрд”-д зохион байгуулагдсан.

Мөн наадмын хүрээнд “Үлэмжийн чанар” гэрэлт хөшөө цогцолж говийн хүүхэд багачууд маань хутагтын бүтээлүүдээс эгшиг өргөж ёслон нээсэн билээ.

Хүүхдийн наадам зохион байгуулах, дуун хөшөө бүтээх Дундговь аймгийн ИТХ-ын тогтоол гарч, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар ерөнхийлөн зохион байгуулж Данзанравжаа соёл гэгээрлийн төв, дөрвөн аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ