2023.06.29
Улстөр

Б.Энхбаяр: Жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг намын хороо шийднэ гэж байгаа нь учир дутагдалтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Улс төрийн намын тухай хууль их чухал хууль. Бүх юмны ундарга гэвэл суурь нь улс төрийн нам дээр очиж зангидагдана. Улс өөдлөхгүй байгаа бол тэр нь намтай яригдана. Авлига хээл хахууль бугшсан бол намтай яригдана. Намын шинэчлэл хийхгүйгээр цаашдын улсын хөгжлийн ярих боломжгүй. Надад ирсэн материалаас гурван асуулт байна.

Энэ санал хураалтын арваннэгдүгээр санал хураалтад байгаа төслийн 13-т Улсын дээд шүүх намын нэр энэ хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан шалгахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.5, энэ хуулийн 6.8-д заасан нэрийн санг ашиглана гэжээ. Дээд шүүх намын нэрийг олгох юм уу? Эсвэл болно болохгүй гэдгийг хэлэх үү?

Жишээлбэл Ардчилсан нам гэдэгтэй адилхан товчлолтой АН адилхан гэсэн шинэ Ардчилсан нам байгуулъя гэвэл Ардчилсан намтай давхцаж байна үгүй юу гэдгийг дээд шүүх шийдэж нэрийг нь өгөх юм уу?

Төслийн 15 дахь санал хураалт: 17.4-д намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн 3/2-оос доошгүй санал гарвал намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн заалт байна. Тухайн намын гишүүдийн 3/2 нь санаачилж байж намын дүрэмд өөрчлөлт орох юм уу? Энэ арай өндөр босго биш үү. Тэгвэл намын дүрэм чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Нам дүрмээ шинэчилж, баяжуулж цаг үетэйгээ хэлэлцүүлж ашиглаж явж чадахгүй. Ийм хатуу, хөдөлгөөнгүй, уян хатан бус хэв шинж рүү намыг хуулиар оруулж болж байгаа юм уу?

Санал хураалтын 16-д: төслийн 19.4-д оруулах гэж байгаа. Нам бүх шатны сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороотой байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага түүнийг байгуулах ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн наймдугаар зүйл намын дүрэмд нийцүүлнэ гэсэн байна.

Намаас хэн нэр дэвшихийг шийддэг намын хороо тусдаа байх юм уу? Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад 48 хүнийг намын жагсаалтаар нэр дэвшүүлэхээр болчихсон. Гэтэл нам нь бус нам дотор буй намын хороо гэсэн нэртэй хуучин удирдах зөвлөлийн 7 хүн УИХ-ын гишүүний жагсаалт дээр хэнийг нь нэр дэвшүүлэх үү гээд шийдэх юм уу?

Манай улсад Унгар улсын парламентын дарга айлчилсан. 1990 оноос хойш нийтдээ 30 жил парламентын гишүүнээр ажиллаж байгаа хүн юм билээ. Тэр хүн өөрөө намынхаа нэр дэвшигчийг тодруулдаг хорооны гишүүн. Энэ хорооны гишүүд бараг бүх насаараа УИХ-ын гишүүнд жагсаалтаар өөрийгөө нэр дэвшүүлээд суугаад байх юм байна л даа. Яагаад жагсаалтаар орж ирэх хүмүүсийг ард түмнээс бүр хол хөндий болгож байна вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ