МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрөөс олгох урамшууллаас НД-ын болон ЭМД-ын шимтгэлээ суутган тооцуулж болно
2023.05.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Төрөөс олгох урамшууллаас НД-ын болон ЭМД-ын шимтгэлээ суутган тооцуулж болно

Улс орны хүнсний хангамж, үйлдвэрлэлийн суурь болдог мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйл ажиллагаа улирлын чанартай, байгаль, цаг уурын хамаарал бүхий нөхцөлд явагддаг зэрэг олон шалтгаанаар малчин, тариаланчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж чадахгүй, тасалдуулах, төлөхгүй байх явдал гарч байгаа юм.

Малчид, тариаланчдад төрөөс олгож буй урамшууллыг нэгэнт улсын төсөвт жил бүр тогтмол суулган олгож байгаа тул эдгээр иргэдийн шимтгэлийг уг урамшууллаас суутгаж төлөх боломжийг хуулиар зохицуулах үүднээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Н.Наранбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүн санаачилж, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг 2022 оны хаврын чуулганаар өргөн мэдүүлсэн билээ.

Хуулийн төслийг 2022,06,29-ний өдөр өргөн мэдүүллээ

2020 онд ноосны урамшуулалд 19.4 тэрбум төгрөгийг 46828 малчинд, сүүний урамшуулалд 4.3 тэрбум төгрөгийг 6516 малчин, мал бүхий этгээдэд, улаанбуудайн урамшуулалд 22.4 тэрбум төгрөгийг 797 иргэн, аж ахуйн нэгжид, арьс ширний урамшуулалд 9.9 тэрбум төгрөгийг 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд олгосон байна. Тэгвэл 2021 онд гэхэд ноосны 31.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 91977 малчинд олгосон бол улаанбуудайн 22.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 767 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Дээрх хуулийн төслийг 2023 оны хаврын чуулганаар батлагдлаа. Энэхүү хулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ажиллаж, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Ц.Идэрбат, Б.Саранчимэг нар ажилласан юм.

Монгол Улсад 305 мянган мал аж ахуй эрхлэгч байна. Нийт ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн үг. Эрэгтэй малчдын 33 орчим хувь нь, эмэгтэй малчдын 38 орчим хувь нь нийгмийн даатгал төлдөг. 25 нас хүртэлх залуу малчдын 82 орчим хувь нийгмийн даатгал төлдөггүй гэсэн статистик тоо байдаг. Малчдын 35,2 хувь нь буюу 107 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан. Харин 65 хувь буюу 198 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаагүй гэсэн тоон үзүүлэлт байна. Энэ нь ирээдүйд томоохон эрсдэлийг бий болгож байгаа нь хуулийг батлах гол шалтгаан, үндэслэлийн нэг болсон гэж хуулийн төслийн ажлын хэсгийнхэн тодотгож байгаа.

Тодруулбал, нийт малчдын 59,4 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, үлдсэн 40 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжээд удаагүй байгаа энэ үед малчид, тариаланчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа гэж үзээд тэдгээр иргэдэд төрөөс олгож буй урамшууллаас өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг суутган тооцох энэ хуулийг баталсан байна.

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн хүрээнд төрөөс олгож буй ноос, арьс шир, сүү, үр тарианы урамшууллаас нь эрүүл мэнд, нийгмийн даатгалыг суутган тооцож, бүтэн жилээр бичилт хийдэг болсноор эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бололцоо нээгдэнэ гэж үзжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг мөн нээж өгч байгаа ажээ. Энэхүү хууль 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ