Дэргэдээ цэцэрлэгтэй байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна
2023.04.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дэргэдээ цэцэрлэгтэй байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна

АШУҮИС дэргэдээ “Мэргэд-2” цэцэрлэг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүллээ.

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 32 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна. Эдгээр байгууллагын цэцэрлэгүүд 92 бүлэгт 2500 хүүхдийг хүлээн авч байгаа юм. АШУҮИС дэргэдээ хоёр цэцэрлэг байгуулан багш, эмч нарынхаа хүүхдүүдийг хамруулж байна.

 

Монгол, Япон эмнэлгийн нийт ажилтны 81 хувь нь 30 хүртэлх насныхан байна. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэдтэй эмч, эмнэлгийн ажилтан олон гэсэн үг юм. Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулж, ажилтнуудынхаа 102 хүүхдийг хүлээн авч байгаа бол хамран сургах тойргийн дагуу Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хорооны 89 хүүхэд мөн энэ цэцэрлэгт суралцаж байна.  

 

Судалгаагаар, байгууллага нь дэргэдээ цэцэрлэгтэй бол ажилтнуудын цаг ашиглалт сайжирч, ажил таслах нь багасдаг байна. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилладаг. Тиймээс АШУҮИС болон Монгол, Япон эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэг байгуулсан байна. Залуу эмч, сувилагч нар тогтвор суурьшилтай ажиллахад энэ шийдвэр нөлөөлж байгааг цэцэрлэгийн нээлтийн үеэр онцолж байлаа.

Аж ахуйн нэгж, байгууллага дэргэдээ цэцэрлэг, салбар бүлэг байгуулах санал санаачилгыг БШУЯ дэмжин нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны мөнгө, мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж байгаа юм.

 


ШИНЭ МЭДЭЭ