Монгол, Японы эмнэлэгт “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв” байгуулна
2023.04.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол, Японы эмнэлэгт “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв” байгуулна

АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийг багш нарын эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Энэ ажлыг зохион байгуулах, байнгын ажиллагаатай болгох талаар шийдлүүдийг БШУЯ өнөөдөр гаргаж, ирэх 8 дугаар сарын 1-нээс үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн багш нартай хийсэн уулзалтын үеэр шаардагдах санхүүжилтийг ч шийдвэрлэлээ.

 

Монгол, Японы эмнэлэгт “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв” байгуулна. Уг төвөөр дамжуулан багш ажилчдад шаардлагатай гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Багш сум, хороо болон аймаг дүүргийн эмнэлгээр оношлуулж, гуравдугаар шатлалын буюу нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болбол тухайн боловсролын байгууллагынхаа эмчээр дамжуулан дэмжих төвд хандана.

Сургууль, цэцэрлэгийн эмч нь EMCH аппликейшн ашиглан багшийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг дэмжих төвд ирүүлнэ. Дэмжих төв мэдээллийг бүртгэж, эмнэлэгт үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэх өдөр, цагийг товлох юм. Үүний дагуу багш нар Монгол, Японы эмнэлэгт хандаж, лавлагаа шатлалын үйлчилгээ авна. Зарим тохиолдолд тус дэмжих төв  гуравдугаар шатлалын бусад эмнэлэг рүү холбон зуучлах үүргийг давхар гүйцэтгэх юм байна.

 

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн бас нэг чиг үүрэг нь боловсролын байгууллагын эмч нарын сүлжээ үүсгэж ажиллахад оршино. Тус сүлжээгээр дамжуулан боловсролын салбарт ажиллаж байгаа эмч нарыг чадавхжуулах юм. Мөн шаардлагатай тохиолдолд зайнаас онош тодруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг ч хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.

 

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвөөр дамжуулан салбарын хэмжээнд эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүдийг оношлох, эмчлэх чиглэлээр ч ажиллахаар төлөвлөж байна. Багшийн эрүүл мэндийг Дэмжих төвийн үйл ажиллагаа ирэх хичээлийн шинэ жилийн өмнө буюу 8 дугаар сарын 1-нээс эхэлнэ.  



ШИНЭ МЭДЭЭ