МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бэлчээрийг хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж доройтсон учир Газрын тухай хуульд зохих заалт оруулах хэрэгтэй гэв
2023.04.17

Бэлчээрийг хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж доройтсон учир Газрын тухай хуульд зохих заалт оруулах хэрэгтэй гэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” зүүн бүсийн хэлэлцүүлгийг Хэнтий аймагт зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд оролцсон. Эл хэлэлцүүлгийг энэ сарын 10-наас эхлэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат бэлчээр ашиглалтын талаарх хууль, эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал болон Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.

Бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байгаа нь цаашид бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болсныг харуулж байна.

Тиймээс бэлчээрийн асуудлыг цогцоор нь авч үзэж, технологийн дэвшил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэргийг төрийн бодлоготой уялдуулж, холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай. 

Манай улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтсон учраас Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хэлсэн үгэндээ онцолсон юм.

Тэрбээр, “Бэлчээрийг сэлгэх, хамгаалах байдлаар сэргээх боломжтойг харуулсан судалгааны дүн бий. Бэлчээрийн даац 5-10 дахин буурч, хангайн бүсийн ургамлын тоо 2 дахин буурсан бөгөөд нийт бэлчээрийн 65 орчим хувь нь хүчтэй доройтсон.

Сүүлийн 10 гаруй жилд 887 гол, 2096 булаг, шанд, 1166 нуур цөөрөм ширгэсэн байна. Хуулийн төсөлд бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулж, бэлчээрийг ангилж, дамжин өнгөрөх бэлчээр, отрын нөөц бүс нутаг, нийтээр ашиглах бэлчээр гэсэн ангилал бий болгох зохицуулалтыг тусгасан” гэв.

ШИНЭ МЭДЭЭ