Сурагчид хэддүгээр анги байхаас үл хамааран хоцрогдсон цэгээсээ эхлэн математикийн хичээлийг судалж байна
2022.12.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сурагчид хэддүгээр анги байхаас үл хамааран хоцрогдсон цэгээсээ эхлэн математикийн хичээлийг судалж байна

Математикийн хоцрогдол арилгах хөтөлбөр туршиж байгаа 6 сургуулийн нэг нь Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль юм.

1541 сурагчтай энэ сургуульд өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны сайд ажиллав. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын түвшинг тогтоогоод хүүхэд бүр хоцрогдол үүссэн тэр ангиасаа эхлэн математикийн хичээлээ нөхөж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөтөлбөрт хамрагдаж байгаа нэг ангид сурдаг 30 хүүхэд цахим хэрэгсэл /гар утас, таблет/ ашиглан өөрийн түвшинд тохирсон математикийн хичээлийг ялгаатай байдлаар судлах юм.

Салбарын сайд хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид болон, математикийн багш нартай уулзлаа. 2 сарын хугацаанд бодит үр дүн гарч эхэлсэн талаар тэд ярьж байна. Сурагчдын хувьд богино хугацаанд түвшин ахиж байгаа учир урамшиж суралцдаг байна. Мөн оногдсон цагт илүү олон бодлого ойлгож бодож чадаж байгаа гэлээ. Харин аав ээжүүдийн хувьд бусад сургуульд нэвтрүүлэх боломжийг хурдан хугацаанд нээх талаар санал хэллээ. Багш нарын тухайд ажлын ачаалал 20-40 хувь буурсан талаар онцолж байгаа юм.

Өмнө нь энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд 42 сургуулийн 12 мянган сурагчийг хамруулан нэмэлт хичээл байдлаар хэрэгжүүлж үзсэн. Энэ удаад математикийн үндсэн хичээлийн цаг дээр судалж байгаа гэдгээрээ ялгаатай. Туршилтын хөтөлбөрийн үр дүнгээс хамааран 9 сарын 1 гэхэд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ