
УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчидтэй хэлэлцүүлэг хийлээ
ЖДҮҮ-г дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгоход санал дүгнэлт, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчидтэй хэлэлцүүлэг хийлээ.
Хөвсгөл аймагт нийт 8100 гаруй иргэн ЖДҮҮ, бичил бизнес эрхэлж байна.
Хөвсгөл аймаг ЖДҮ, бичил бизнесийн салбарын өнөөгийн нөхцөл байдал:
- Үр тариагаараа 100 хувь дотоодын зах зээлээ хангадаг бол хүнсний ногооны 38 хүртэлх хувийг, талх, нарийн боовны зах зээлээ 100 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 35 хувийг хангаж байна.
- Усалгаат аж ахуй, зоорины аж ахуй эрхлэх бүрэн боломжтой.
- 2025 оноос нийт 20 бяслагийн үйлдвэр ашиглалтад орохоор төлөвлөсөн.
“Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд энэ жилийг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч ажиллаж байгаа талаар тус аймгийн засаг даргын орлогч Ц.Гансүх мэдээллээ.
Иргэд, бизнес эрхлэгчдийн зүгээс:
-Бизнес эрхлэгчдийн дийлэнх нь банкны өндөр хүүтэй зээл авч, үйл ажиллагаагаа явуулж байна. Банкнаас зээл авч хүү төлөхийн зэрэгцээ, нэмээд энэ мөнгийг эргэлтэд оруулсныхаа төлөө монголын төрд татвар төлж байгаад зохицуулалт хийх
-Тог цахилгааны үнийг нэмэгдүүлснээр ААН-ийн үйл ажиллагаа доголдож, ашигт ажиллагаа буурч байгаа талаар
-Иргэнд биш зөвхөн ААН, хоршоологчдод хөнгөлөлттэй зээл олгож байгаа
-Сангийн хөнгөлөлттэй зээлүүд заавал туршлага, түүхтэй байх шаардлага тавьж байгаа нь бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүст хүртээмжгүй байгаа талаар
-50 саяас доош орлоготой өрхийн үйлдвэрлэгчид НӨАТ төлөгч биш учраас бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч борлуулах дэлгүүр хоршоо олдохгүй байгаа учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүйд хүрч байгаа талаар тулгамдаж буй асуудлаа ярьж байлаа.
Ажлын хэсэг иргэдээс гарсан санал хүсэлтэд тулгуурлан нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөлд өөрчлөлт оруулахад анхаарч ажиллах болно гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан