
2025.02.17
Хос хэлний хөтөлбөрийг боловсролын сайдаар батлуулна
УИХ-ын гишүүн С.Зулпхар,Т.Аубакир, Х.Жангабыл, Б.Бейсен, С.Замира нар Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж, хос хэлний хөтөлбөр болон казах, тува сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, сурах бичих, дасгал ажлын ном, гарын авлагуудыг боловсруулж байгаа явцын талаар мэдээлэл сонсож, яамнаас авч хэрэгжүүлж байгаа чиглэлтэй танилцлаа.
Тус уулзалт - хэлэлцүүлэгт Боловсролын яамны Тэгш хамруулан сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү, «Бүх нийт боловсролын төлөө» Иргэний нийгмийн үндэсний эвслийн тэргүүн, судлаач Д.Тунгалаг, Сити Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор Х.Сандугаш, Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн ЭША, судлаач Ж.Зулмира нар хос хэлний боловсролын талаар хийгдсэн судалгаа шинжилгээ, анхаарах асуудлаар санал дэвшүүллээ.
Уулзалт – хэлэлцүүлгээр дараах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо. Үүнд:
- Хос хэлний хөтөлбөрийг Боловсролын сайдаар батлуулах;
- Хос хэлний сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах;
- Суурь болон бүрэн дунд боловсролын казах, тува хэлний хөтөлбөр, сурах бичгийг үндэсний хэмжээний суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөртэй уялдуулан боловсруулах;
- Тува, Казах сургуулиудад ашиглах бага боловсролын Монгол хэлний жишиг хөтөлбөр, сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр, багшийн номыг дахин сайжруулж хэвлүүлэх;
- Монгол хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээнд онцгойлон анхаарах.