Туулын хурдны замын дэд бүтцийн загварчлалуудыг Их Британийн “Skyral” компани хийнэ
2025.02.06

Туулын хурдны замын дэд бүтцийн загварчлалуудыг Их Британийн “Skyral” компани хийнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаныхан оролцсон юм.

Энэ ажлын хүрээнд хиймэл оюун ухаан ашиглан их өгөгдөлд суурилсан дэд бүтцийн загварчлалуудыг боловсруулахаар Их Британийн “Skyral” компанитай хамтын ажиллагаа эхлүүлсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэв.

Ингэснээр тухайлсан цэгээс хөдөлгөөнд оролцож буй иргэд аль уулзвар, замаар илүү зорчиж байгааг тодорхойлж, олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөх юм. Цаашид Улаанбаатар хотын зам, дэд бүтэц, нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлтийг хиймэл оюун ухаан ашиглан их өгөгдөлд суурилж хийнэ гэдгийг тэрбээр мөн онцлов.

Их өгөгдөлд суурилсан загварчлалаар трамвайны нэгдүгээр шугамын өртөөнүүд хаана байрлавал тухайн орчмоос хамгийн их хүн зорчих, Тойрог хурдны замын трассыг хаагуур татвал түгжрэлийг бууруулахад нөлөөлөл нь өндөр байх зэргийг хүн бүрийн гар утасны хөдөлгөөн, явж байгаа маршрутад  хиймэл оюун ухаан дүгнэлт хийж, хамгийн боломжит загварчлалуудыг гаргаж өгөх юм. Ийнхүү Улаанбаатар хот их өгөгдөлд суурилсан загварчлалууд дээр инженерингийн болон нийтийн тээврийн төлөвлөлтийг хийхээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ.