2025.01.31
“Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээ зохион байгуулагдав
ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт, ач холбогдлын талаар суурь мэдээлэл олгох зорилготой ээлжит “Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээ 1 дүгээр сарын 31-ний өдөр боллоо.
Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид оролцсон бөгөөд гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
Арга хэмжээний үеэр сурагчид дипломат алба, түүний онцлогийн талаар асуулт асууж, идэвхтэй оролцож байлаа. Түүнчлэн сурагчид Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
“Нээлттэй Гадаад харилцааны яам” өдөрлөгт оролцсон Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдадаа баярлалаа. Хүүхдүүд та бүхнийг дипломат албаны талаар өргөн мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.