АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024.10.15

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2024.10.15/ Азийн хөгжлийн банкны Зүүн болон Зүүн өмнөд ази, Номхон далайн Хүнс, хөдөө аж ахуй, байгаль, хөдөөгийн хөгжлийн захирал Жианфэн Жан, ахлах мэргэжилтэн Юкицугу Янома нарыг хүлээн авч уулзлаа.

Салбарын сайд Ж.Энхбаяр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн тулгуур болон хөгжих бүрэн боломжтой хэмээн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод”, “Атарын IV” аян хэрэгжиж эхэлсэнийг онцоллоо. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн АДАПТ, усалгаатай газар тариалан төслүүдийн үр дүнг ярилцан, цаашид хамтарч хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийг оновчтой, зарцуулалтыг нээлттэй, ил тод байхад анхаарч ажиллана гэв.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн, түүхий эдийг нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд нийлүүлэх, экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байна гэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Зүүн болон Зүүн өмнөд ази, Номхон далайн Хүнс, хөдөө аж ахуй, байгаль, хөдөөгийн хөгжлийн захирал Жианфэн Жан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг Азийн хөгжлийн банк цаашид дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гаргах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын үр ашигтай байдлыг дээшлүүлж, малчид, тариаланчдыг зах зээлтэй нь холбоход онцгой анхаарна гэж байсан юм. Төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, үр дүн гарсан тул хоёр дахь шатны төслүүдийг эхлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.