Б.Түвшин: Дуугүй байна, даруу байна гэдэг нь дураараа гүтгэхийг зөвшөөрч байгаа хэрэг биш
2025.01.30

Б.Түвшин: Дуугүй байна, даруу байна гэдэг нь дураараа гүтгэхийг зөвшөөрч байгаа хэрэг биш

“Даатгалын бизнесийн сүлжээ жагсаал санаачлагч Б.Цацралаас УИХ-ын гишүүн Б.Түвшинд холбогдов” гарчигтай нийтлэл өнөөдөр мэдээллийн eguur.mn сайтад гарсан юм.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Түвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллийг худал болохыг мэдэгдэв.

Тэрбээр “Эрхэм та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье. Ардчиллын нэг үнэт зүйл болсон “хэвлэлийн эрх чөлөө” чухал уу гэвэл чухал аа! Гэхдээ ҮНЭН-ээс илүү хэвлэлийн эрх чөлөө гэж байх ёсгүй! Үнэн гэдэг зүйл хэвлэлийн эрх чөлөөний өмнө эрэмбэлэгдэнэ. Намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн мэтээр гүтгэн бичсээр нэлээд удаж байгаад тайлбар өгье.

Банзрагчийн Түвшин миний бие ямар ч жагсаал санаачлаагүй, ямар ч жагсаалд нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд холбоо хамааралтай хэмээн харагдуулахаар зорьж дэлгэсэн баримтуудын эзэн Долгор гэгч хүнтэй өдгөө хамтрах нь бүү хэл шүүхдэлцэж яваа түүхтэй.

Дуугүй байна, даруу байна гэдэг нь дураараа гүтгэхийг зөвшөөрч байгаа хэрэг биш, хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж буйн л илрэл төдий. Худал боргох ноход бүхэн рүү чулуу шидэх зав алга л даа. Гэсэн ч гүтгэлэг хэрээс хэтэрвэл хүлцээд сууна ч гэж юу байхав.

БУРУУГ ЗӨВТГӨЖ, ХУДЛЫГ ХУРЦЛАХ биш ҮНЭН ЗӨВИЙГ ирлэн хурцлах зөөлөн билүү явцгаах юмсан даа хэдүүлээ” хэмээн тайлбар нийтэлжээ.