2025.01.23

С.Эрдэнэболд: Хуулийн төслийнхөө цаашдын үйлчлэлийг нийслэлийн чиг баримжаатай гэдгээр нь авч үзэх ёстой!

УИХ-ын чуулганы /2025.01.23/ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

Хархорин төсөл бол зүгээр нэг гарч байдаг төсөл хөтөлбөр биш. Монгол Улсын урт хугацааны хөтөлбөр буюу "Алсын хараа 2050" дээр нийслэлийн баримжаатай хөгжүүлэх гэсэн зохицуулалт бий. Нийслэлийн баримжаатай хөгжүүлнэ гэдэг бол ирээдүйд Монгол Улсын нийслэл болох боломжтой гэсэн санааг агуулж байгаа. Монгол Улсын нийслэлийн төлөвлөлттэй явна гэж үзвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай учраас ингэж болохгүй байгаад байгаа. УИХ-ын гишүүдийн санал зөрж байгаа асуудал нь тэнд байгаа газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн тухай асуудал дээр маргаантай байгаа. Нэгэнт улсын нийслэл болж болзошгүй, ирээдүйдээ магадгүй гэсэн ангилалд байгаа учраас улсын нийслэлийн стандарт, стратегийн хөгжлийн зураг төсөл гарах ёстой. Одоо байгаа нөхцөл байдал нь энэ хууль батлагдаж байж тодорхой хэмжээ, судалгаа шинжилгээ нарийвчилсан ТЭЗҮ, хуулийн үзэл баримтлал хийгдэх ёстой болчхоод байгаа юм. Тиймээс ажлын хэсгийн зүгээс төлөвлөлт гэдэг үгийг зориуд оруулж байгаа. Төлөвлөлт гэдэг нь завсрын шинж чанартай буюу нийслэл болох хүртэлх хугацаанд хуулийн үйлчлэлийн хязгаарыг тогтоосон зохицуулалт юм. УИХ-ын гишүүд үүнийг эхний ээлжид дэмжиж өгмөөр байна. Нөгөө талаасаа ажлын хэсгийн зүгээс ч гэсэн өмнөх анхны хэлэлцэх эсэх асуудлаар яригдаж байхад ЗГХЭГ-ын даргын ярьсанчлан симуляцын түвшний одоо төлөвлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай. Бидэнд 37 концепц гэж байгаа. 37 концепц гэдэг нь уралдаанд оролцсон талууд 37 янзаар одоо симуляц хийж үзээд, ойрын жилүүдэд хэтийн төлөвт хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн төвлөрөл, технологи, инновацын боломж ямар байх вэ гэдгээс шалтгаалсан зүйл. Үүн дээр энэ хууль батлагдах байх гэж найдаж байгаа. Энэ хуулийг батлагдсаны ар дээр яаралтай сонгоод симуляцаа хийгээд хамгийн зохимжит нийслэлийн чиг баримжаатай гэж оруулах ёстой. 100% гэж үзвэл 50+1, магадгүй 60%-ийн магадлалаар Монгол Улсын ирээдүйн нийслэл болох юм байна. Нийслэлийн хэв шинж гэдэг чинь өөрийн гэсэн стандарттай, засаг захиргааны нэгж, Монгол Улсын төр, удирдах байгууллага, ОУБ, төвлөрсөн зүйл байна хэмээн үзэж байна. Цаашдаа хуулийн төслийнхөө цаашдын үйлчлэлийг нийслэлийн чиг баримжаатай гэдгээр авч үзэх ёстой. Хэрвээ нэгэнт нийслэлийн чиг баримжаатай болбол тэнд стратегийн байршил бүхий бүтээн байгуулалтууд болох учраас болж өгвөл хуулийг дагах бичгүүд дээр нь тодорхой ийм үечлэлтэй он зааж өгвөл зүгээр байна. 2025 онд энэ хууль батлагдлаа гэхэд 2025 ондоо багтаад үзэл баримтлалаа эцэслэн боловсруулах, дээрээс нь 189 мянган га газрын төлөвлөлт нь өөрөө ирээдүйд нийслэлийн чиг баримжаатай байх юм бол аль засаг захиргааны гол төв байх юм. Энэ бүх зүйлүүдээ маш яаралтай буюу нэг жилийн дотор хийх ёстой байх. Тэгээд шаардлагатай гэж үзвэл 2032 эсвэл 2038, 2050 он хүртэлх 3-4 цаглавар тогтоод, цаглавар дотроо төлөлтийн үе шатуудыг тавьж өгмөөр байна. Магадгүй цаглаврын 2 эсвэл 3 дахь үе шатаас газар эзэмших боломжийг нь хангаж өгөх ёстой. Тэгэхгүй шууд хорьчихлоор хүмүүс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломжууд нь хумигдчихна гэсэн үгТэгэхээр энэ хуулиар газрыг эзэмшүүлэхгүй юм байна гэдгийг эцэслэн шийднэ гэхээсээ илүүтэйгээр төлөвлөлтийн хууль маань 4 эсвэл 5 жил үргэлжлэх юм уу. Төлөвлөлтийн хууль үргэлжлээд дуусахад дараагийн одоо шилжилтийн хуулийн дараагаар үргэлжлэх хууль маань газар эзэмшүүлэх боломжийг нь хангасан ч гэдэг юм уу. Энэ байдлаар явбал их зөв байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан