2025.01.08

Б.Хэрлэн: Журмын 3.2 дахь заалт ерөнхий байна

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Хэрлэн асуулт асууж, хариулт авлаа.

Энэхүү журмын 3.2 дахь заалтыг тодруулж асууя. Үүн дээр чуулганы хуралдаанд оролцох журмыг зөрчсөн гишүүнд хариуцлага тооцуулах саналаа ёс зүй, дэгийн байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлнэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуралдаа суугаагүй, асуулт асууж байхад суудлаасаа хариулаагүй эсхүл эсрэг байр суурь илэрхийлсэн бол хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Тэгэхээр энэ дээр саяны алдаанууд өөр хоорондоо чанарын хувьд ялгаа зааг байх уу хэдэн удаа тасалбал ямар хариуцлага хүлээлгэх вэ? 1 удаа зарчмын зөрүүтэй санал илэрхийлчихвэл эсхүл эсрэг байр суурь илэрхийлчихвэл үүнийг хэн бүртгээд, хэн энэ асуудлыг гаргаж тавиад хариуцлага тооцуулах асуудлыг тавих вэ? Энэхүү журмын 3.2 дахь заалтыг тодруулж өгнө үү. Энэ заалт нь ерөнхий байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариуллаа.