2024.12.27

Н.Алтаншагай: Ганцмод Гашуунсухайт боомтын төсөл 10 жилийн өмнө эхэлсэн бол 14 мега төсөл хийгдсэн байх байсан

Ганцмод Гашуунсухайт боомтын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Нийгэмд хүлээлт үүсгээд буй энэхүү төсөл маш их удаж байгаа. Хэт их улстөржилтөөс болоод. Түнэр харанхуй улс төр хийдэг хүмүүс иргэдийг талцуулж, өөрсдийн эрх ашгийг шингээхийн тулд маш их цаг алдсан. Алдагдсан боломжийг үнэлж баршгүй. 18 их наяд байх байсан гэх тоо яригдаж байна. 

Энэхүү төсөл яригдаж байсан үедээ буюу 10 гаруй жилийн өмнө хэрэгжээд тухайн үеийн ханшаараа нүүрсээ борлуулсан бол одоо яригдаж буй 14 мега төсөл хэрэгжчихсэн байх байсан. Түүнчлэн Улаанбаатар хот агаарын бохирдолгүй, түгжрэлгүй, эрчим хүчний дутагдалгүй, иргэд маань өгөөжийг нь хүртэх байсан.

Сүүлийн 8 жилийн хугацаанд Засгийн газар тогтвортой ажиллаж, олон хэлэлцээр уулзалтыг зохион байгуулснаар одоо уг төсөл хэрэгжих гэж байна.

Түнэр харанхуй улс төр хийдэг Х.Баттулга нарын улс төрчдөөс болж алдагдсан боломжийг үнэлж баршгүй. Яг тэр асуудлыг нь ярихаар хуралдаа суухгүй байна. Одоо өөрөө ирж тайлбараа өгөх хэрэгтэй” хэмээв.