Монгол, Францын хамтарсан Ураны төслийн үр өгөөжийг хуримтлалын санд төвлөрүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ.
Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хурлаар хэлэлцэж баталсан.
Ингэснээр Монгол, Францын хамтарсан ураны төслийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр Хуримтлалын санд төвлөрөх боломжтой болно.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаас хойш Хуримтлалын санд 480 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан байна.