"Манайхан ажиллах хүч гэхээр хятад иргэн гэж ойлгоод байна"
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг асуудлаар өнөөдөр /2024.12.20/ мэдээлэл хийлээ.
УИХ-н гишүүн П.Сайнзориг:
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 дэх заалтад зааснаар уг хууль хэрэгжинэ. Гаднын улсаас оруулж ирж буй ажиллах хүчинд квот тогтоож байгаа нь дарга нарын ААН байгууллагуудыг зовоож буй хэлбэр. Том том ААН нэгжүүдэд энэ квотод орж байгаа. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид үүнд хамрагдаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, 10 гаруй ажилтантай бизнес эрхлэгч шинэ тоног төхөөрөмж аваад түүнийгээ ажиллуулах мэргэшсэн инженер гаднаас оруулж ирж чадахгүй байна. Гэтэл томоохон ААН энэ квотод хамрагдаад Засгийн газарт ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Жилд 20 орчим мянган ажиллах хүч оруулж ирэх квот тогтоодог. Манайхан ажиллах хүч оруулж ирнэ гэхээр дандаа хятад иргэн гэж ойлгоод байдаг. Хуулийн хэм хэмжээнд байгаа. Гаднаас оруулж ирж байгаа нэг иргэнд жилд 15 сая 600 мянган төгрөг төлдөг. Энэ нь байр, хоол, цалин хөлс, нийгмийн даатгал зэрэг багтаагүй төлбөр. Тиймээс энэ нь жижиг аж ахуй нэгжид маш хүнд тусч байгаа.
Өнгөрсөн жил 6500 ажилтныг чөлөөлье гэсэн хүсэлт Засгийн газарт ирэхэд 5673 ажилтныг 100 хувь чөлөөлсөн байна. Татварт орох энэ мөнгийг ямар үндэслэлээр чөлөөлөөд байгаа юм, иргэд мэдэх эрхтэй" гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн холбоотой уулзахад ажиллах хүчний хомсдолын талаар ярьж байна. Тэр дундаа хариуцлагатай ажиллах хүн олдохгүй байна гэдгийг хэлж байна. Мөн шинэ техник технологи дээр ажиллах мэргэшсэн ажилтан хэрэгтэй. Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхдээ нийт хүн амын 3 хувьтай тэнцэхүйц иргэдийг оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 3,4 сая иргэнтэй гэж тооцоход нэг улсаас 34 мянган хүн орж ирнэ" гэлээ.