ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ ХЭВИЙН ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
2024.10.14

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ ХЭВИЙН ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдаж дууссан аймаг, нийслэлийн холбогдох нутаг дэвсгэрийн шилжин суурьших хөдөлгөөнийг 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээж, бүртгэл хэвийн хийгдэж эхэллээ.

Харин сонгуулиар нэмэлт санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн сонгуулийн нутаг дэвсгэрт хамаарах иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Иймд иргэн та Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэгүүдэд хандан шилжилт хөдөлгөөний бүртгэлээ бүртгүүлэх боломжтой.