ЦАХИМ ӨМНӨГОВЬ БОЛОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
Б.Чинбат Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2024.09.26

ЦАХИМ ӨМНӨГОВЬ БОЛОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Монгол Улсын хэмжээнд хамгийн том газар нутагтайд тооцогддог Өмнөговь аймгийн 165 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт, өнөөдрийн байдлаар суурьшмал 70 гаруй мянга, хөдөлгөөнт 60 орчим мянган хүн тархан суурьшсан байна.

Монгол Улсын хэмжээнд цахим шилжилт хурдацтай явагдаж буй энэ цагт өргөн, уудам нутаг дэвсгэрт тархуу байрласан иргэдийн хоорондын харилцаа холбоо, мэдээ мэдээлэл солилцох, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авахад зайлшгүй яригдах ёстой зүйл нь Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил юм.

Өмнөговь аймаг эртнээс Мэдээлэл, харилцаа холбооны инженерүүдээрээ улсдаа дээгүүрт бичигдсээр ирсэн бөгөөд салбарын түүх 1931 оноос эхэлж, хөгжлийн томоохон үеийг туулсаар өдийг хүрсэн билээ. Тодруулбал, БНМАУ-ын Тээвэр, Холбооны яамны сайд асан Б.Энэбиш, Анхны электрон үйлдвэрлэлийн "МОНЭЛ" фирмийн захирал асан Ш.Ялалт зэрэг технологийн томоохон компаниудын удирдлагууд, аймгаас төрөн гарсан инженерүүдийг дурдах нь зүйтэй. Үүний сацуу, өөрсдийн хөдөлмөр, зүтгэлээ зориулан ажиллаж яваа өнөөдрийн залуучууд ч аймгийнхаа харилцаа холбооны салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар явна. 

Улсдаа төсөв төвлөрүүлдэг гурван аймгийн нэг нь Өмнөговь. Энэ ч үүднээсээ өөрсдийн төвлөрүүлсэн төсвөөр аймагт бүтээн байгуулалтын ажлууд ихээр хийгдэж байна. Тэр дундаа, Мэдээлэл, харилцаа холбооны салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөрөнгө оруулалт хийгдсэнийг онцлох нь зүйтэй. 2020-2023 онуудад аймгийн нийт газар нутгийн 90 орчим хувийг 4G үүрэн холбооны сүлжээ буюу интернэтэд бүрэн холбосон юм. Цаашид энэхүү хатуу дэд бүтэц дээрээ түшиглэн цахим шилжилт, цахимжуулалт, систем хоорондын интеграцчилал зэргийг эрчимжүүлэхээс гадна иргэд, төрийн үйлчилгээ, байгууллага хоорондын мэдээлэл солилцох “зөөлөн дэд бүтэц” буюу программ хангамжуудыг бий болгоход идэвхийлэн ажиллаж байна. Өмнөговь аймаг нийтдээ 15 сум, 59 багтай. Одоогийн байдлаар Ноён, Баяндалай, Баян-Овоо, Булган, Мандал-Овоо сумдаас бусад сумдад гурвалсан үйлчилгээ буюу дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи болох IPTV-д холбогдсон. Сумын ард иргэд, хүүхэд залуус нийслэл хотод байгаа мэт саадгүйгээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ авахын сацуу өндөр хурдны интернэтийн үйлчилгээг авч буй. Мөн иргэд маань хөдөө гэр, малчны хотноосоо төрийн үйлчилгээг саадгүй шуурхай авч, алсын зайны сургалтад хамрагдаж байна. 

2020 оноос хойш Өмнөговь аймгийн Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв.  

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд “Цахим Өмнөговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд багачуудын боловсролд чиглэсэн цахим буюу ухаалаг анги, танхимуудыг байгуулж, Аялал, жуулчлалын салбарт ухаалаг программ, аппликейшнүүдийг хэрэгжүүлж улмаар мэдээллийн баазуудыг нэгтгэж, үзвэр үйлчилгээ, театр, музейн үзвэрийн тасалбарыг онлайн хэлбэрт оруулж, үзвэр үйлчилгээг VR буюу виртуал технологи руу шилжүүлээд байна. Түүнчлэн Өмнөговь аймаг таримал ойн сангаар улсдаа тэргүүлдэг. Энэ ч үүднээсээ таримал ой модыг эзэнжүүлэн бүртгэлжүүлэх ажлыг программд оруулсан.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн олборлолт, эрдэс баялгийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт хамгийн их, эдийн засгийн томоохон бүс нутгийн хувьд BIG DATA буюу “их өгөгдөл” хадгалах боловсруулалт хийх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Үүнээс үүдэн Даланзадгад хотод “Өгөгдөл хадгалах Дата төв” байгуулахаар шийдвэрлэж, барилгын ажил нь эрчимтэй явагдаж байна. Тус төв нь бүсийн хэмжээнд ажиллах ба Цахим шилжилт, цахимжилтанд чухал ач холбогдолтой бөгөөд үүнийгээ түшиглэн мэдээлэл, технологийн салбарт боловсон хүчнийг бэлтгэх сургалт, хөгжүүлэлтийн төв байгуулагдах юм.

“Цахим Өмнөговь” платформыг эхлүүлснээр төрийн болоод аймгаас үзүүлэх үйлчилгээ, мэдээллүүд бүрэн цахимд шилжиж, өмнө хийгдсэн программ хангамжууд нэгдсэн нэг цэгт зангидагдан интеграцчилал хийгдэж цахим аймаг болох эхлэл тавигдав.

“Хатуу дэд” бүтцэдээ түшиглээд “зөөлөн дэд бүтэц” буюу программ хангамж, нэгдсэн платформуудыг бий болгох нь нэн чухал байна. Ингэхдээ иргэд олон нийт рүү чиглэсэн ухаалаг системүүдийг сайжруулан хөгжүүлж улмаар нутагшуулах замаар ажиллаж байгаа нь, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” хөтөлбөр нөгөө талдаа орон нутгийн “Нутгийн хишиг 2024” хөтөлбөрийн хүрээн дэх “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд юм. Өмнөговь аймаг нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг. Дотоод, гадаадын аялагчдад зориулан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, зоогийн газар, жуулчны баазууд болон томоохон эвентүүдийн мэдээллийг багтаасан "Smart gobi" аппликейшныг гарган ашиглаж буй нь нэг жишээ юм. 

АНУ-ын “Google”, Сингапурын “OneService” шиг нэгдсэн том платформыг хэрэгжүүлэх зорилгын дор “Цахим Өмнөговь” платформыг бий болгоход Монголын программ, хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOSA/той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан